ГИХЯ: Хүсэлт гаргасан ОХУ-ын бүх иргэнд Монгол Улсад оршин суух ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО
Энэ есдүгээр сарын 21-ны өдөр /2022.09.21/ ОХУ Украинд байлдах хүчээ зузаатгах зорилгоор "цэргийн хэсэгчилсэн дайчилгаа" зарласан. Харин тус шийдвэрийн улмаас ОХУ-ын цэргийн насны иргэд эх орноосоо дүрвэж, тус улсын ойролцоох орнуудын боомтуудад ачаалал нэмэгдээд буй.
Тухайлбал, манай улсад сүүлийн долоо хоногийн хугацаанд Сэлэнгэ аймагт байх "Алтанбулаг" боомтоор ОХУ-ын 6268 иргэн орж ирээд байгаа гэсэн албаны мэдээлэл байгаа юм. Тэгвэл хүсэлтээ гаргасан ОХУ-ын иргэдэд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр гаргажээ.
Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, "Монгол Улсад цаашид тодорхой хугацаагаар оршин суух хүсэлтээ ОХУ-ын иргэд их өгч байна. Иймд нөхцөл байдалтай холбогдуулан хүсэлтээ өгсөн иргэдэд зохих ангиллын оршин суух зөвшөөрлийг олгох шийдвэр гаргасан” гэжээ.









