Ж.Сүхбаатар: Үзлэгт тэнцээгүй, торгууль хураамж, төлбөр төлөөгүй автотээврийг хөдөлгөөнд ОРОЛЦУУЛАХГҮЙ
Засгийн газрын ээлжит хуралдааны дараа сайд нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Төвлөрөл сааруулах, түгжрэлийн эсрэг Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ирэх оны төсөвт ямар ажлуудын санхүүжилт тусаж буй талаар мэдээллээ. 2023 онд түгжрэл бууруулах чиглэлд 586 тэрбум төгрөг төсөвлөх юм байна. Тэрбээр дараах асуудлуудын хүрээнд ямар ажил төлөвлөж буйгаа танилцуулав.
Нийтийн тээврийн парк шинэчлэлт: 24-өөс дээш суудалтай 1400 автобус оруулж ирэх. Үүний 1100-г төр, үлдсэн 300-г хувийн хэвшлээр шийднэ. Үүний дараа засвар үйлчилгээг хариуцах авто бааз хэрэгтэй, үүнийг барина. Автобус оруулж ирээд болих биш нийтийн тээврийн тогтолцоог бүрэн шинэчлэх хэрэгтэй.
Гэрэл дохио, уулзварыг ухаалаг болгох: Гэрэл дохио, уулзвар зэрэг систем ухаалаг биш байгааг хүмүүс хэлж байна. Үүнд шинэ систем нэвтрүүлнэ. Улмаар замын хөдөлгөөнд бүрэн бүртгэл хийх боломж байгаа.
Мөн Ж.Сүхбаатар “Түгжрэл бууруулахад татварын бодлоготой холбоотой асуудлууд байгаа. Энэ удаа түгжрэлийн эсрэг хатуу бодлого явуулахаас түдгэлзэж байна. Түгжрэлийн эсрэг хууль гаргана, үүнтэй зэрэгцэн зам ашигласны төлбөр зэрэг татварын чиглэлийг зэрэг авч үзье гэж харж буй.
Ер нь түгжрэл бууруулахад бидний хандлагын өөрчлөлт ч байна. Түгжрүүлэгч хүчин зүйл нь хандлага байгаа учраас соён гэгээрүүлэх агуулгаар ажил зохион байгуулахаар санал солилцсон. Түгжрэлийн хувьд бидэнд сэтгэлгээний ч түгжээс байна.
Зарим байгууллага хүүхдээ хүргэж өгдөг ажилчидтайгаа зохицож ажиллаж байна. Иймэрхүү байдлаар төрийн байгууллагууд ажиллах хэрэгтэй байна” гэлээ.









