PROGRES төслөөс сургалт мэдээллийн аялал зохион байгууллаа
GIZ-ийн "Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих" PROGRES төслийн II бүрэлдэхүүн хэсгээс Ховд, Орхон, Булган аймаг, Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид, бизнесийн хөгжлийн төв, төрийн байгууллын төлөөлөл нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сургалт мэдээллийн аяллыг 2022 оны 09 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид харилцан туршлага солилцох, зах зээлийн шинэ боломжуудыг нээх, бизнесийн хамтын ажиллагааг эхлүүлэх зорилготой зохион байгуулж буй аялалд оролцогчид Орхон, Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцав.
Орхон аймагт хэрэгжиж буй PROGRES төсөлд хамтран ажиллаж буй Эрдэнэт ШУТП, "ОРДА Заан хошуу", "Анхлан Аз", "Алтан сахалт", "Мөнх секвойя" ХХК, "Анд энерги" ХК-уудын үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн "Эрдмин" ХХК, Эрдэнэт үйлдвэрийн "Ойн генетик нөөцийн Эрдэнэт" төвтэй болон Эрдэнэт үйлдвэрийн цахим музейгээр зочлов.
Өмнөговь аймагт 2018-2020 онд хэрэгжсэн “ЖДҮ-ийг чадавхжуулах” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд чадавхажсан “Гоод Рүүт”, “Баян-Уул”, “Говь гоо”, “Говь чацаргана” ХХК-ууд, “Диваажингийн зам” хоршооны тэргүүн туршлагаас судлав. Түүнчлэн “ЖДҮ-ийг чадавхжуулах” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан “Өмнөговь аймгийн Инноваци, технологийн хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцав.
Сургалт мэдээллийн аялалд оролцогчид аймаг хооронд хамтран ажиллах саналаа боловсруулж, шилдэг туршлагатай танилцан шинэ санаа дүүрэн нутаг буцлаа.









