Хуучин орон сууцны үнийн өсөлт шинэ орон сууцныхыг ДАВЖЭЭ
Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх хуучин орон сууцны дундаж үнэ шинэ орон сууцны дундаж үнээс давж, м² нь 3.74 сая төгрөг болоод байна.
Наймдугаар сард орон сууцны үнэ өмнөх сараас 2.9 хувиар, өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өссөн байна. Задлаад харвал Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хуучин орон сууцны үнийн өсөлт шинэ орон сууцныхаас давжээ.
Хэдийгээр олон улсад орон сууцны үнэ буурч байгаа ч Монголд хил, боомтын нөхцөл байдал, инфляцаас шалтгаалсан барилгын материалын үнийн өсөлт шинэ орон сууцны үнэд нөлөөлж буйг үл хөдлөх хөрөнгийн салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өсөхөд хуучин орон сууцны үнэ 25.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн бол шинэ орон сууцны үнэ 13.4 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нийслэлийн зургаан дүүргийн шинэ орон сууцны үнийг дундажлан тооцоход наймдугаар сард м² нь 3.32 сая төгрөг байсан нь өмнөх сараас 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн болов. Үүнээс Сүхбаатар дүүрэгт байрлалтай шинэ орон сууцны дундаж үнэ м² нь 3.6 сая төгрөг буюу хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 2.34 сая төгрөг буюу хамгийн хямд байна.
Энэ оны хоёрдугаар сард м² нь 2.94 сая төгрөг байсан хуучин орон сууцны дундаж үнэ тасралтгүй өссөөр наймдугаар сард 3.13 сая төгрөг болсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Оны эхэн үед Чингэлтэй дүүрэгт байрлалтай хуучин орон сууцны үнэ хамгийн өндөр байсан бол наймдугаар сард Сүхбаатар дүүргийнх 3.74 сая төгрөг болж өсжээ.









