Үндэсний номын баярыг “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриан дор тэмдэглэж байна
Үндэсний номын баярыг “Илүү их уншъя” уриан дор энэ жил тэмдэглэж байна. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ыг “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор улс орон даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэж, бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой.
Энэ удаагийн номын баярт 400 гаруй хувь хүн, байгууллага оролцон ном бүтээлээ танилцуулах юм. Түүнчлэн ном соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, тэр дундаа хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой хөтөлбөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Тухайлбал, номын санд хандив өргөсөн, хөрөнгө оруулсан хувь хүн, албан байгууллагыг урамшуулахаас гадна шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн, урлагийн тоглолт, зохиолын баатрын дүр бүтээх парад жагсаал, номын флашмоб, тэргүүний уншигч хүүхдүүдийн шилдэг бүтээл, номын тэмдэглэл, уран бичлэгийн үзэсгэлэн гарна.
Мөн номын баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч газруудын бүтээлүүдийг хямдралтай авч, зохиолчоос нь гарын үсэгтэйгээр худалдан авах боломжтой. Номын баяр Д.Сүхбаатарын талбайд 3 өдөр болно.