ШУУРХАЙ: Завханы Баянтэс суманд гарсан түймрийг 341 хүн унтраахаар ажиллаж байна
Энэ сарын 8-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын нутаг Цуурайгаас гарсан гал түймрийн тархалт нэмэгдсээр хилийн 0277 дугаар ангийн 0310, 0271 дүгээр салбарын хариуцсан хэсэг, Хайчийн даваа, Баянхөндий зэрэг газрууд түймэрт өртөж одоогийн байдлаар 7,600 гаруй га талбай шатжээ.
Хилийн цэргийн 0277 дугаар ангийн төв, хилийн цэргийн салбаруудаас 80 гаруй алба хаагчид 7 техник хэрэгсэлтэйгээр, Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс сум, Увс аймгийн Баруунтурууны Онцгой байдлын анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагчид, Завхан аймгийн Тэс, Баянтэс, Асгат сумын удирдлага, ард иргэд, дүйцүүлэх алба хаагчид гээд нийт 341 хүн, 40 гаруй техниктэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хил давсан түймрийн хэсэгт ОХУ-ын Кызыл хотын ойн анги, хилчид, ард иргэд мөн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгааг Хил Хамгаалах Ерөнхий Газраас мэдээлэв.