Монголоос Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг 2025 оныг дуустал жил бүр 40-70 сая тонн байлгах саналыг илэрхийлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүний урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар өчигдөр буюу 2022.09.11-нд Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.
Талууд хоёр орны харилцаа нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний суурь зарчим болон даян дэлхийн аюулгүй байдлын санаачилгад суурилж буйг онцлон тэмдэглэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Гашуунсухайт-Ганц мод боомтыг төмөр замаар холбох ажил ахицтай байгаа гээд энэ боомт ашиглалтад орсноор төмөр замыг зохицуулах хэлэлцээр байгуулах шаардлага үүсэх учир энэ хүрээнд 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” зэрэг холбогдох зарим баримт бичгийг шинэчлэн байгуулах, нэмэлт, өөрчлөлт хийх ажлыг эхлүүлэхэд БХАТИХ-ын зүгээс анхаарал хандуулж ажиллахыг хүссэн юм.
Мөн тэрбээр далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд худалдаа, эдийн засгаа эрчимжүүлэхэд далайд гарц, тээврийн таатай орчин нэн чухал. Иймд хоёр талын 2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг БХАТИХ аль болох хурдан соёрхон батлах санал тавиад энэ нь хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны бодит үр дүн төдийгүй хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болохыг онцлов.









