НОЦТОЙ: Тав хоногт зам тээврийн ослын улмаас 10 ХҮН амь насаа алдлаа
Есдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 1,187 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэн ажиллажээ.
Зам тээврийн ослын улмаас 35 хүн гэмтэж бэртсэний 22 нь нийслэлд, 13 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд тав, орон нутагт таван хүн амь насаа алдав.
Хүүхэд өртсөн хоёр осол бүртгэгдэж, хоёр хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн хоёр нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцжээ.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 445 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 295, орон нутагт 150 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.









