Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр ДХИС-ийн захирал П.Батбаатар СОНГОГДЛОО
Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (APTA)-ны ээлжит зургаадугаар зөвлөгөөн “Тогтвортой хөгжил” уриан дор 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд Азийн 20 орны 24 цагдаагийн сургууль, хамтын ажиллагаатай 3 орны цагдаагийн байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.
Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны ерөнхийлөгч бөгөөд БНСУ-ын Үндэсний Цагдаагийн Их Сургуулийн ерөнхийлөгч, ахлах хурандаа хатагтай Сонг Жонг-Аэ зөвлөгөөнийг нээж, сүүлийн гурван жилийн хугацаанд Ковид-19 тахлын нөхцөлд бие биенээ дэмжиж, учирч буй хүндрэл бэрхшээлээ хуваалцаж ирсэн гишүүн сургуулийн удирдлага, бүрэлдэхүүнд талархал илэрхийлэв.
Тус зөвлөгөөнөөр Азийн цагдаа, хүчний сургуулиудын багш, албан хаагч, сонсогч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, холбоонд шинээр гишүүнээр элсэх хүсэлт гаргасан Узбекстан улсын Олон нийтийн аюулгүй байдлын их сургууль, Катарын цагдаагийн коллежийн хүсэлтүүдийг тус тус хэлэлцэх, Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгох, холбооны ээлжит долдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах улс, сургуулийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Холбооны ерөнхийлөгч, хоёр дэд ерөнхийлөгчийг сонгох сонгууль нь дотоод дүрмийн дагуу 2021 онд Азийн гишүүн 24 сургуулийн захирлуудын дунд нээлттэй зарлагдаж, нэр дэвшигчийн танилцуулгатай танилцах үе шат, мөрийн хөтөлбөртэй танилцах үе шат, холбогдох нотломжуудын бүрдүүлэлтэд дүгнэлт хийх үе зэрэг олон шатыг дамжин шалгарсан нэр дэвшигчийг ээлжит хурлаар хэлэлцэн санал хураалт явуулж, олонхийн саналаар хоёр жилийн хугацаатай сонгодог байна.
Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор цагдаагийн хурандаа П.Батбаатар, БНСВУ-ын Ардын цагдаагийн академийн дэд захирал, доктор, дэд профессор Тран Хонг Куанг нар тэдгээр олон үе шатыг амжилттай давж, санал хураалтын дүнгээр олонхийн санал авч дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Мөн БНСУ-ын Үндэсний цагдаагийн их сургуулийн захирал, ахлах хурандаа хатагтай Сонг Жонг Аэ-г улираан тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор цагдаагийн хурандаа П.Батбаатар:
“Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Дэлхий даяар үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн гаралт ихсэж байна. Тэр дундаа шинэ төрлийн гэж нэрлэгдэх зохион байгуулалттай гэмт хэрэг Азийн орнуудад ихээр бүртгэгдэж байгаа нь Азийн цагдаагийн сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, шинэ сургалтын арга зүй, технологийг харилцан солилцох, багшийн заах арга зүйн ур чадварыг харилцан нэмэгдүүлэх зэргээр холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, цаашид гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ” гэдгээ илэрхийлэв.
Дараагийн зөвлөгөөнийг зохион байгуулагч орныг сонгох санал хураалтаар Дотоод хэргийн их сургууль шалгарч, 2023 онд болох Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (APTA)-ны долдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах эрхийг авлаа.
Дашрамд дуулгахад, Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо нь БНСУ-ын Үндэсний цагдаагийн их сургуулийн санаачилгаар 2015 онд байгуулагдаж, одоогоор Азийн 17 улсын 31 сургалтын байгууллагын гишүүнчлэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Дотоод хэргийн их сургууль нь тус холбоонд 2015 онд элсэн орсноос хойш сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.
Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр манай Их сургуулийн захирал сонгогдож, долдугаар зөвлөгөөнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авснаар Дотоод хэргийн их сургууль нь “Азийн тэргүүлэгч их сургуулийн жишигт хүрэх” зорилтоо биелүүлэхэд том алхам болох юм. Түүнчлэн Азийн ижил төстэй төрөл мэргэжлийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудад танигдахын зэрэгцээ, сонсогч, оюутан, багш, судлаачдын ур чадвар нэмэгдэж, Их сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжих боломж нэмэгдэнэ.