Х.Эрдэнэдаваа Монгол Улсын зургаа дахь РЕЙНЖЕР боллоо
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс зургаа дахь рейнжер төрлөө. Анхны шанг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг 2002 онд татаж байсан бол 2022 оны наймдугаар сард Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын харьяа дугаар ангийн ахлах ахлагч Хүрэлбаатарын Эрдэнэдаваа Монгол Улсын 6 дахь рейнжер боллоо.
АНУ-ын Рейнжерийн сургуулийг амжилтай төгссөн тэрээр зургаадугаар сарын дунд үеэс наймдугаар сарын 19-ний өдөр хүртэл 62 хоногийн хугацаатайгаар АНУ-ын Рейнжерийн сургуульд суралцаж төгссөн байна. Тус сургуульд АНУ-ын цэргийн алба хаагчдаас гадна Колумб, Катар, Филиппин, Тайланд зэрэг орны долоон оюутан хамт суралцсан байсан ч түүний хувьд гадны орны цэргийн алба хаагчдаас ганцаараа амжилттай төгсөж чаджээ. Тэрээр “Америк цэргүүдийн 60 хувь нь төгсөж чаддаг юм билээ. Надад төгсөхөөс өөр зам байгаагүй. Нэгдүгээрт, эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн итгэл. Хоёрдугаарт, дараа дараагийн залгамж халааныхаа замыг нь хаачихгүй юм сан гэдэг хариуцлага. Хэрэв тухайн орноос ирсэн цэргийн алба хаагчид сорилтдоо унаад байвал дараа дараагийн элсэлт авахаа зогсоодог хатуу дүрэмтэй” гэжээ.
Х.Эрдэнэдаваагийн хувьд Зэвсэгт хүчинд 13 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд 2018-2019 онд АНУ-ын Жон Кеннедигийн нэрэмжит Тусгай хүчний сургуулийн Ахлагчийн дамжаа, АНУ-ын Шүхэр десантын дамжаа, 2021 онд АНУ-ын Шүхрийн хэт өндрийн чөлөөт уналтын дамжааг тус тус төгсжээ.
Эх сурвалж: eagle.mn
|









