СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр гурван хүн авто ослоор амиа алджээ
Өчигдөр гурван хүн авто ослоор амиа алджээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр баг, дөрөвдүгээр зөрлөг гэдэг газарт том оврын /чиргүүлтэй/ ачааны автомашин замын хажуу руу онхолдож, автомашины чиргүүлд нэг хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг Төв аймгийн Цагдаагийн газраас 17:37 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас нийслэлийн Налайх дүүргийн чиглэлд 43 тн нүүрс тээвэрлэж явсан 32 настай жолооч О-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын /чиргүүлтэй/ ачааны автомашин замын хажуу руу онхолдож, зорчин явсан Хөвсгөл аймгийн харьяат 27 настай эрэгтэй Э автомашины чиргүүлд дарагдаж нас барсан байсныг 19:09 цагт цогцсыг гаргаж, Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлж өгсөн.
Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ын гарамд “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашины араас “Пажеро” загварын суудлын автомашин мөргөж, зорчин явсан 58 болон 63 настай эмэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ.
Иймд зорчигч жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.









