“БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Барилга хот, байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Барилгын хөгжлийн төв хамтран Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хойш амжилттай хэрэгжүүлж дуусч байна. Төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурал 2022 оны 04 дүгээр сарын 29-нд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт боллоо. Тайлангийн хуралд Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХАБЭА-н хөгжлийн хэлтсийн дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Л.Төгсбаяр, Монголын барилгын Үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Л.Хулан, Жайка төслийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимура Токүжи болон холбогдох хүмүүс оролцлоо.
Төслийн хүрээнд Монгол Улсын төрийн албан хаагчид, хувийн хэвшлийн инженер, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэг, чадавхыг дээшлүүлэх зорилгоор төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулсан. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын ойлголт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд шаардлагатай хөдөлмөр хамгааллын сургалтын тоног төхөөрөмж, хөдөлмөрийн нөхцөлийг хэмжих хэрэгсэл, хамгаалах хэрэгслийн туршилтийн тоног төхөөрөмж зэргийг нийлүүлсэн.
Жайка төслийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимура Токүжи “Ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь Монгол Улсын Засгийн газрын хамгийн чухал бодлого бөгөөд барилгын салбарын ХАБ-ыг сайжруулах нь нэн тэргүүний ажил юм. Жайка нь уг төслийн хугацаанд Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад маш сайн хүний нөөц байгааг мэдсэн. Үйлдвэрлэлийн ослыг бууруулахад Монголын төрийн албан хаагчид, хувийн хэвшлийн инженерүүд хамтарч ажиллаж урт удаан хугацаандаа төслийн үр дүнгээ хараасай гэж хүсэж байна” гэсэн.
Төрийн байгууллагуудын удирдлагуудын зүгээс уг төсөл өндөр үр өгөөжтэй болсон гэдгийг онцлоод Жайка-аас нийлүүлсэн тоног төхөөрөмжийг ашиглах зорилго, төлөвлөгөө боловсруулж, ойрын болон дунд хугацаанд үйлдвэрлэлийн ослыг бууруулахад үр дүнтэй ажиллах болно гэдгийг онцолж байлаа.