Өмгөөлөгч Б.Баасанцогт орон гэр, ажлын байрнаас нийт 861 ширхэг сум, тэсэрч дэлбэрэх бодис олдсон хэргээр ЦАГДАН ХОРИЛОО
Хуулийн байгууллагад хэд хэдэн хэргээр шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогтыг цагдан хорьжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1, 3, 12.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдан хорьж, тавдугаар сарын 13-нд батлан даалтад гаргаад байсан ч ийнхүү дахин цагдан хорьсон байна.
Сануулахад, ТЕГ-аас нэр бүхий 5 иргэн улстөрчдийг хөнөөхөөр бэлтгэж байсан гэх ноцтой мэдээллийг өнгөрсөн тавдугаар сард өгсөн байдаг. Ингэхдээ тус этгээдүүдийн орон гэр, ажлын байрнаас нийт 861 ширхэг сум, тэсэрч дэлбэрэх бодис олсон гэх мэдээллийг өгсөн юм.
Эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсгүүд дунд өмгөөлөгч Б.Баасанцогт нарын эзэмшдэг галт зэвсгүүд илэрсэн тул тухайн гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн сэжигтнээр баривчилсан гэж ТЕГ-аас мэдээлж байсан билээ.