Мэргэжлээс шалтгаалсан нуруу бүсэлхийн ёзоорын АРХАГ ЭМГЭГ гэж юу вэ
Хөдөлмөрлөх явцад зориудын байнгын хүч шаардсан, түргэн эрчимтэй эсхүл нэг хэвийн давтагдсан хөдөлгөөнтэй ажлын нөхцөл нь биеийн албадмал байрлал, тааламжгүй бичил цаг уур, доргионы нөлөөлөлтэй хавсран нурууны нугаламын дегенератив өөрчлөлтийн улмаас нуруу, бүсэлхий-ууцны хүрээнд үүсэх өвчлөлийг мэргэжлээс шалтгаалсан нуруу бүсэлхийн ёзоорын архаг эмгэг гэнэ. Нийт хүн амын 50-80 хувь нь амьдралынхаа явцад нуруугаар өвдөж байсан гэсэн өгүүлэмжтэй судалгаа байдаг. Нуруугаар өвдөх нь үрэвсэл, гэмтэл, буруу хөдөлгөөн, буруу байршил гэх мэт олон хүчин зүйлсээс болдог. Мэргэжлээс шалтгаалсан нурууны өвчний онцлог нь ажлын нөхцөлийн нөлөөлөл 60% орчимд тохиолддог. Тухайлбал, хүнд ачаа өргөх, удаан суудаг, зогсох, доргионтой болон чичиргээтэй нөхцөл, хэт халуун, хүйтэн орчинд ажиллах, хэт өндөр нам даралттай нөхцөлд ажиллах нь дээрх өвчлөлийг бий болгож байгаа юм.
Эмнэлзүйн шинж тэмдэг:
Бүсэлхий-ууцны хэсгийн язгуурын өвдөлтийн хам шинж:
- Гэнэт янгинаж өвдөх
- Хөдөлгөөн эрс хязгаарлагдах
- Нурууны булчин чангарах
- Булчингийн чангаралаас нуруу бөгтийх, хазгай болох
- Өвдөлт нуруунаас өгзөг, гуя, шилбэний гадна талаар дамжиж, янгинах шинжээр илрэх
- Суудлын мэдрэл болон өгзөгний доод артерийг дарахад бүсэлхий-суудлын өвдөлт илрэх
- Явахад хөл бадайрах, өвдөлт нэмэгдэх, доголох
Бүсэлхий-ууцны хэсгийн язгуурын дарагдлын хам шинж:
- Хөдөлгөөний ачааллын үед нуруугаар хүчтэй өвдөх, суудлын мэдрэлийн дагуу дамжих
- Өвдөлттэй талдаа хөдөлгөөн хязгаарлагдах
- Нурууны булчингийн чангарал үүсэх
- Нуруунд бөгтөр /кифоз/, хажуу тал руу хазайлт /сколиоз/ илрэх
- Язгуур татагдлын шинжүүд тод илрэх
- Бадайрах
- Мэдрэхүй буурах
- Ёзоорын түвшинд гуяны булчинг гадагшлуулах, тавхай гэдийлгэх, тавхайг доош нугалах хүч сулрах
- Сул саа үүсэх
Хүзүү-сээрний язгуурын өвдөлтийн хам шинж:
- Хүчтэй гэнэт өвдөх
- Толгой хүзүүний хөдөлгөөн эрс хязгаарлагдах
- Булчин чангарч хүзүү муруйх
- Өвдөлт дал, мөр, гар луу дамжих
- Хүзүүний симпатик ширхэгүүд цочирсноос нуруу, хүзүүний артерийн судасны агчилт үүсч лугших, төөнөх өвдөлт илрэх
- Дайрлага хэлбэрийн өвдөлт хэдэн минутаар үргэлжлэх
- Дал бугалгын булчин хөвчирч чангарсантай холбоотой язгуурын бус өвдөлт илрэх
- Булчингийн тэмтрэлтээр өвдөлт нэмэгдэх
- Толгой эргэх, шуугих, огиудас хүрэх, нүд харанхуйлах, тэнцвэрийн өөрчлөлтүүд илрэх
- Гарт вегататив тэжээлийн өөрчлөлтүүд гарах /хавагнах, хөхрөх/
Хүзүү-сээрний язгуурын дарагдлын хам шинж:
- Гэнэт хүзүүгээр нэвт хатгуулах
- Толгойн хөдөлгөөн хязгаарлагдан хүзүүний булчин чангарах
- Өвдөлт дал, мөр, гараар дамжиж, гарын хуруу бадайрах
- Ёзоорын түвшинд мэдрэхүй буурах
- Рефлекс сулрах
- Ёзоорын түвшинд булчингийн гадагшлуулах, нугалах, тэнийлгэх, холдуулах хүч буурах
Оношлогоо:
Асуумж:
- Ажил мэргэжлийн онцлог
- Тасралтгүй ажилласан хугацаа
- Хөдөлмөрийн нөхцөлийн тодорхойлолт
- Ажлын байрны эрүүл ахуйн шинжилгээний дүгнэлтүүд
- Өвчний эхлэл, үргэлжилсэн хугацаа, суурь өвчин
Эмчилгээ:
Дэглэм:
- Ажлын нөхцлийг солих
- Хүнд юм өргөхгүй, норохгүй, даарч хөрөхгүй байх
- Тохирсон дасгал хөдөлгөөн тогтмол хийж байх
Урьдчилан сэргийлэлт:
- Үйлдвэрийн техникийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх
- Дахин давтагдах хөдөлгөөнийг аль болох багасгах /механикжуулах, багаж тоног төхөөрөмжийг өөрчлөх, ажлын байрыг сэлгэж ажиллуулах, ажлын байрыг өргөтгөх, багаар ажиллуулах/
- Ажилд анх авахад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, жилд нэг удаа мэдрэл, мэс заслын эмчийн үзлэгт хамруулах.
- Ажилчид ажил, амралтын дэглэмийг сахих, ажлын дундуур завсарлаж гимнастик хийх, өөртөө иллэг хийх
- Ажиллагсдын биеийн эсэргүүцлийг сайжруулах, витаминжуулах, сувилалд амруулах
- Биеийн жин нэмэгдүүлэхгүй байх
Хөдөлмөр зохицуулалт:
- 1-2 сарын эмнэлгийн хуудсаар эмнэлэг сувилалын эмчилгээ хийх болон түр хугацаагаар ажлын нөхцлийг солино.
- Нурууны өвчин хүндэрсэн буюу хөдөлгөөн эрс хязгаарлагдсан үед ажлын нөхцлийг бүрмөсөн сольж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтооно.