Автомашины үнэ 30-40 хувиар НЭМЭГДЭВ
Банк, ББСБ-уудын зээл олголт удааширч шаардлага өндөрссөн тул иргэд бухимдалтай байна. Иргэдийн ихээр авдаг автомашины зээл хэрхэн олгогдож байгаа болон худалдан авалт ямар байгааг сурвалжилахаар “Да хүрээ” захыг зорилоо. Энд хөдөлгөөн эл хуль байсан тул 20 гаруй жил худалдаа эрхэлж буй Х.Мөнхзултай хэсэг хором ярилцлаа.
“УЛИРЛЫН ЧАНАРТАЙ АЖИЛ ХИЙДЭГ, ЗЭЭЛТЭЙ ХҮН ТААРВАЛ ХҮНД”
-Цүнх дүүрэн бэлэн мөнгө тоолж өгөөд, машин авдаг хүмүүс цөөрсөн. Сүүлдээ зээлд хамрагдах хүмүүс ч ховордлоо. Өнгөрсөн хавраас эхлээд банк, ББСБ-ууд шалгуураа нэмээд, зээл бараг гаргахаа больсон. Өмнө нь урьдчилгаа 10-20 хувьтай, бусад шалгуураа хангасан байхад зээл асуудалгүй шийдэгдэж машинаа авдаг байлаа. Одоо багадаа л 30-40 хувийн урьдчилгаа байршуулна. Өнөө цагт Монголд зээлгүй хүн бараг байхгүй. Давхар зээлтэй бол нэмж зээл олгохгүй. Улирлын чанартай ажил хийдэг, байрны зээлтэй хүн таарвал үнэндээ л хүнд шүү. Үнийн хувьд “Toyota Harrier” маркын машин үйлдвэрлэгдсэн оноосоо шалтгаалж, хоёр жилийн өмнө 32 сая төгрөг байсан бол одоо 45 сая төгрөгийн үнэтэй болсон. Шинэ загварынх нь үнэ 25 саяар нэмэгдээд 85 сая болсон. Иргэдийн өргөнөөр хэрэглэдэг “Prius-20” машин 2010 онд анх орж ирэхдээ үнэ нь 7-8 сая байсан бол одоо багадаа 20 саяд хүрээд байна. Юу нөлөөлсөн бэ гэхээр валютын ханшийн зөрүү, ачааны зардал, хил гаалийн татвар нөлөөлдөг. Дэлхий нийтээр “hybrid” хөдөлгүүртэй машиныг байгальд ээлтэй гэдэг утгаар онцгой албан татварыг нь чөлөөлсөн. Харин манайх багадаа 500 ам.долларын татвар авдаг.
Худалдагч Г.Амармэнд: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ЭХЛЭЭД ҮНЭ НЬ НЭМЭГДЭЭГҮЙ ЗҮЙЛ АЛГА
-Шинэ машины оношилгоо буюу төрийн үйлчилгээнээс эхлээд үнэ нь нэмэгдээгүй зүйл алга. Хоёр жил орчмын өмнө нэг машин ононшилгоонд оруулахад 11 мянга байсан бол хоёр дахин нэмэгдээд байна. Улсын дугаар 25 мянга байсан бол 45 мянга болсон. Мэдээж бид талбайн түрээс төлнө. Нэг машины зогсоолын үнэ сард 30 мянган төгрөг байсан бол одоо 90 мянга болсон. Нэг хүн 50 машинтай гэж үзвэл сард 4.5 сая төгрөгийг түрээсэнд зарцуулна. Ачааны үнэ нэмэгдсэний дээр хүлээлт их байна. Нэгдүгээр сарын 13-ны захиалга долдугаар сарын 25-нд ирсэн. Хагас жилийн дараа ирсэн гэхээр байдал хүнд байгаа нь харагдаж байгаа биз. Худалдан авалт маш муудсан. Банкнаас зээл гарах нь тун ховор. Өдөржин зээл хөөцөлдөөд, бүтсэнгүй гээд буцах нь ч бий. ББСБ-ын хүү өмнө нь 2.3-2.7 байсан бол хавар нэмэгдээд 2.7-3.2 хувь болсон.
Сурвалжлага бэлтгэх явцдаа “өдрийн од”-той таарсан юм. Юу гэвэл бэлэн мөнгөөр машин худалдаж авсан хүнийг ингэж нэрлэлээ. Түүнийг Г.Сүрэнхорлоо гэдэг. Нөхөртэйгөө Prius-41 маркын автомашин аваад явж байхтай нь таарлаа. Тэд хувиараа бизнес эрхлэгч. Тэрбээр “Машины үнэ багадаа 30 хувиар өссөн байна. Өнгөрсөн жил энэ машиныг сонирхож байхад 26 саяын үнэтэй байсан бол энэ жил 34 сая болжээ” гэсэн юм.
Үүний дараа “Да хүрээ” зах руу явах замд байрлах Хаан банкны үйлчилгээний ажилтнаас зээлийн талаар тодруулахад “Хүсэлт хэвийн авч байгаа. Салбарт ирсэн хүсэлтийн дарааллаас хамаарч хүлээгдэнэ. Шалгуур хангасан харилцагчдын зээл хэвийн олгогдоно” гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
|