Австрали улсад ажиллах болон аялах 25 хүний виз нь гарсан, 55 хүний хариу удахгүй гарна
Монгол Улс, Австрали улсын Засгийн газар хооронд “Ажиллах болон амрах” визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг баталсан.
Ингэснээр 18-30 насны 100 залуу Австрали улсад “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах энэ үеэрээ дөрвөн сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болсон юм.
Одоогийн байдлаар 80 хүн сонгон шалгаруулалтад орж, 25 хүний виз нь гарсан, 55 хүний хариу удахгүй гарна хэмээн Австралийн Элчин сайд Кэти Смит ХНХ-ын сайдтай уулзах үеэрээ мэдээлжээ.
Уг зохицуулалтад хамрагдах залуус эхний ээлжид Гадаад Харилцааны Яамнаас/ГХЯ/ захидал авах журамтай байна. Үүний дараа тус яамнаас шаардлага хангасан иргэдэд захидал өгснийг хавсарган Австралийн ЭСЯ-нд визээ мэдүүлэх юм байна.
Хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч цаашид энэ тоо жилээс жилд нэмэгдэх боломжтой аж.