Монгол улсаас ФАТФ-ын үнэлгээг ахиулсан хуралд цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцлоо
Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн уулзалт 2022 оны долдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотноо болж өндөрлөсөн. Тус хуралд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулсан ажлын хэсгийн баг Монгол Улсыг төлөөлөн оролцлоо.
Хурлын 4 дэх өдөр буюу долдугаар сарын 27-нд Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсын Явцын тайланг хэлэлцүүлж, “хагас хэрэгжүүлсэн” үнэлгээтэй байсан “Шинэ технологи”-той холбоотой ФАТФ-ын Зөвлөмж 15-ыг “дийлэнхийг хэрэгжүүлсэн” болгож үнэлгээг амжилттай ахиулсан байна.
"Зөвлөмж 15"-ын үнэлгээ баталгаажсанаар Монгол Улс ФАТФ-ын нийт 40 Зөвлөмжөөс 39 Зөвлөмжийг техник зөвлөмжийн хувьд бүрэн болон дийлэнхийг хэрэгжүүлсэн үнэлгээтэй болгож, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд зохистой зохицуулалт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ФАТФ-ын шаардлага, олон улсын стандартыг нэвтрүүлэн ахиц гаргасныг Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс онцоллоо.
Виртуал хөрөнгийг ашиглан мөнгө угаасан гэмт хэргүүдийг мөрдөн шалгах чадавх ялангуяа шинэ технологи, програм хангамжийг ашиглан хөрөнгийг мөшгөх, царцаахад Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй бодлогын ажил, арга хэмжээ нь зөвлөмжийн үнэлгээг ахиулахад ихээхэн нөлөөлж ФАТФ-ын "Зөвлөмж 15"-ыг биелүүлсэн цөөн орны нэг болжээ.
Мөн Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын иргэдийн цахим төхөөрөмжийг хакердаж, виртуал хөрөнгө болох криптовалютыг бусдын хэтэвчээс шилжүүлэн авч хэд хэдэн улс дамжуулан угаасан бүлэг этгээдүүдийг шинэ технологи ашиглан илрүүлж баривчлан шалгаж байгаа нь тайлангийн үнэлгээнд нөлөөлжээ.