PSY-ийн тоглолтын тайзны ард ажиллаж байсан Монгол улсын иргэн ослоор АМИА АЛДЖЭЭ
Өмнөд Солонгост ажил хөдөлмөр эрхэлж байсан Монгол улсын иргэн ослын улмаас амиа алдсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Ганвондо мужийн Ганнюн хотод болсон поп од PSY-ийн тоглолтын дараа тайзыг буулгах үеэр 20 орчим насны монгол залуу өндрөөс унаж амиа алдсан байна.
Орон нутгийн онцгой байдлын алба хохирогчийг Ням гарагийн 15:53 цагийн үед 15 метр өндөр гэрэлтүүлгийн цамхаг дээрээс халтирч унасан тухай мэдээлжээ.
Хохирогчийг даруй эмнэлэгт хүргэсэн ч зүрх нь зогссон байна.
Орон нутгийн цагдаагийн байгууллага уг осолд ажил олгогч буруутай эсэхийг мөрдөн шалгаж эхэлжээ. PSY-ийн тоглолт Бямба гарагийн орой Ганнюн хотын спорт цогцолборт зохион байгуулагдсан юм байна.
Түүний харьяалагддаг P-Nation агентлаг гаргасан мэдэгдэлдээ талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд ажил явдалд нь чадах бүхнээрээ туслахаа амлажээ.
PSY-ийн эх орондоо зохион байгуулж буй “Psy Soak Show 2022” аялан тоглолт долдугаар сарын 9-ний өдөр Инчеон хотод эхэлсэн юм байна.