Дэлхийн уран гулгалтын аварга Алина Загитова Монголын уран гулгалтын спортыг ДЭМЖИН АЖИЛЛАНА
Олимпын аварга, ОУ-ын уран гулгалтын аварга Алина Загитова Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд 2022 оны долоодугаар сарын 27-ны өдөр зочилж, дэлхий дахинд сая сая үзэгчтэй уран гулгалтын спортыг манай оронд хөгжүүлэхэд Монголын сонирхогч байгууллага, бизнес, спортын зүтгэлтнүүдтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Нэрт тамирчныг Элчин сайдын яаманд цаг гарган хүрэлцэн ирсэнд Элчин зөвлөх Д.Хасар талархал илэрхийлж, мөсөн дээрх хоккей, уран гулгалтын тэмцээнүүдийг монголчууд шимтэн үздэг бөгөөд түүний их спортын ертөнцөд үзүүлсэн онцгой амжилтаар манай спортын хорхойтнууд бахархдагийг дуулгав.
Улаанбаатар хотод Олон улсын олимпын хорооны үндсэн шаардлагуудыг хангасан 2500 хүний суудал бүхий өвлийн спортын Мөсөн өргөө жилийн өмнө ашиглалтад орсныг Элчин сайдын яамны зөвлөх Ц.Ганболд танилцуулж, Мөсөн өргөөг бүтээн байгуулсан “Степпе арена” компанийн удирдлагууд олимпын аваргыг Улаанбаатарт ирэх намар айлчлуулж, талын Монголд уран гулгалтын спортыг хөгжүүлэх эхний томоохон алхам хийх эрмэлзэлтэй байгааг уламжилж, Алина Загитовагаас энэ саналыг нухацтай бодож үзэхийг хүслээ.
Энэ үеэр “Степпе арена” компанийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан олимпын аваргатай цахимаар холбогдож, боломжит хамтын ажиллагааны тодорхой санал тавьсныг Алина Загитова болон түүний менежер Мария Купцова нар сонирхон хүлээн авч, ажил хэрэг болгох талаар илүү нарийвчилж ярилцахаар тогтов хэмээн Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.