НД-ын үйлчилгээг иргэдэд ШУУРХАЙ хүргэхийн тулд найман аймгийн ажилтныг “ОЛОН ҮЙЛДЭЛТ ХЭВЛЭХ ТӨХӨӨРӨМЖӨӨР“ хангалаа
Нэгдсэн Үндэсний байгууллагаас "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" хамтарсан хөтөлбөрийг 2020 оноос Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт хэрэгжүүлсэн.
Хөтөлбөрийн нийгмийн хамгааллыг сайжруулах бүрэлдэхүүн хэсэг нь малчдын нийгмийн даатгалын талаарх ойлголтыг дээшлүүлэх, ач холбогдлыг сурталчлан таниулах замаар эрүүл мэнд, нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалд даатгуулж, эрсдэл тохиолдсон үед нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай авах нөхцөлийг сайжруулах, нийгмийн даатгалын цахим үйлчилгээг хүргэхэд чиглэж, үүний үр дүнд зорилтод аймаг, сумын нийгмийн даатгалын хамрагдалт 10 хүртэл хувиар өссөн үр дүнд хүрсэн.
Хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран баруун 8 аймаг буюу Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтэс болон эдгээр аймгийн бүх сумдын нийгмийн даатгалын байцаагч, ажилтнуудыг олон үйлдэлт хэвлэх төхөөрөмжөөр бүрэн хангалаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар дээрх аймагт ашиглах 159 хэвлэх төхөөрөмжийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт гардуулж өглөө. Хэвлэх төхөөрөмжийг аймаг, сумын Нийгмийн даатгалын байгууллага, байцаагч, ажилтан үйл ажиллагаандаа ашигласнаар малчдад үзүүлэх нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэтгэврийн хувийн хэргийг цахимжуулах боломж бүрдэх юм.