ЭЦА: Хууль бусаар олборлосон алтыг ХУРААН АВЧ, нүхний гүнд нуугдаж байсан 4 иргэнийг ГАРГАН АВЧЭЭ
Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах “Таширын нуруу” гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр иргэд хууль бусаар алт олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн шалгаж эхэлжээ.
Шалгалтаар “Бороо гоулд” компаний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна талд 250 метрийн гүнтэй хонгил гарган алтны илэрц бүхий чулууг нүхнээс төмөр тэргээр зөөвөрлөн гаргаж хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 15 хүнийг баривчилж, нүхний гүнд нуугдаж байсан 4 иргэнийг аюулгүй татан гаргасан байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Нарт” гэх газарт хууль бусаар тээрмийн үйл ажиллагаа явуулдаг 2 хашаанд шалгалтын ажиллагаа явуулж, “Таширын нуруу” гэх газраас олборлосон алтны илэрц бүхий чулууг зөөвөрлөн боловсруулдаг болохыг тогтоон 3 хүнийг баривчилжээ.
Хэргийн газруудад шалгалтын ажиллагаа явуулан алтны илэрц бүхий 138 шуудайтай чулуу, шороо, баримт бичиг, 2 ширхэг цахилгаан хөрөө зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, чулууг журмын хашаанд битүүмжлэн, алт тушаадаг ченжээс мэдүүлэг авч, хууль бусаар олборлосон 25 грамм алтыг эд мөрийн баримтаар түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: isee.mn
|