ТЦА: Явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр ТОРГОНО
Борооны улмаас замын нөхцөл байдал ус ихтэй болсон үед жолооч нар явган зорчигч руу зориуд ус цацахгүй байх үүрэгтэй.
Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” хэмээн заасан байдаг.
Энэ талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны эх сурвалж "Хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар явган зорчигч руу ус цацсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулна.
Түүнчлэн иргэдийн зүгээс өөрийн гомдлыг харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст мэдээлэх боломжтой. Хэрэв тухайн иргэнд ямар нэгэн байдлаар хохирол учруулсан бол нөхөн төлбөрийг төлөх зохицуулалттай. Нөгөө талаас явган зорчигч өөрийн аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох нь чухал" гэдгийг хэлэв.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-т, Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгоно хэмээн заажээ.
Гомдол гаргах шаардлагатай бол ТЦА-ны 93021124, 93020111 дугаарт холбогдож зөрчлийг мэдээлэх боломжтой. Иргэдийн зүгээс тухайн тээврийн хэрэгслийн марк, дугаарыг мэдсэн байх ёстой гэдгийг ТЦА-наас хэллээ.