СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашины тэвшинд хүүхэд тээвэрлэсний улмаас унаж, амиа алджээ
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага бүртгэгджээ.
Ослын улмаас бэртсэн долоон хүний гурав нь, амь хохирсон дөрвөн хүний нэг нь хүүхэд байв.
Гэмтсэн хүүхдүүдийн нэг нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол хоёр нь мотоцикл жолоодож бие даан хөдөлгөөнд оролцох үедээ онхолдох, мөргөлдөх байдлаар бэртжээ. Харин нэг хүүхэд машины тэвшин дээр явах үедээ унаж амь хохирсон байна.
Дээрх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 267 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлжээ.
Мөн амралтын өдрүүдэд хүн гэмтсэн нийт 11 осол хэрэг бүртгэгдсэний зургаа нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалгүй мотоцикл жолоодсонтой холбоотой байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Иймд эцэг эхчүүд 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдийг автомашины урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байж зориулалтын суудалд тээвэрлэх, хэрэв хүүхдийн өндөр 140 сантиметрээс дээш бол суудлын бүсийг зүүлгэж аюулгүй байдлыг нь хангахыг зөвлөв.
Түүнчлэн хэт ядарсан үедээ болон архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.