Наймдугаар сард олон жилийн дунджаас ДУЛААН байх төлөвтэй байна
Наймдугаар сарын агаарын дундаж температур төв болон говийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас Увсын ихэнх, Ховд, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутаг, Дундговь, Дорнодын зүүн хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөв гарчээ.
Наймдугаар сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр +8…+12°C байна. Мөн Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +20…+24°C, бусад нутгаар +12…+20°C дулаан байдаг.
Харин хур тунадас Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 60–100 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 0–20 мм, бусад нутгаар 20–60 мм хур тунадас орно гэж Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгээс мэдээллээ.