“Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолбор”-ын нээлт боллоо

2022 оны 7 сарын 21

Arslan.mn

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан улс эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн үе үеийн ахмад дайчид, одоо ажиллаж байгаа алба хаагчдын гэгээн үйлсийг алдаршуулах зорилгоор “Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолбор”-ын нээлт өнөөдөр /2022.07.21/ “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээ актын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Гүнждагва, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генерал, ахмад ажилтны төлөөлөл болон алба хаагчид оролцсон юм.

Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолбор нээлтийн үеэр Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис хэлсэн үгэндээ: “Туурга тусгаар улс, эх орныхоо аюулгүй байдал, хөгжил дэвшил хийгээд ард иргэдийнхээ амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх их үйлсэд хөдөлмөр зүтгэл, мэдлэг чадвар, халуун сэтгэлээ зориулсан бэлтгэл, чөлөөнд буй ахмад буурлууд мөр зэрэгцэн ажиллаж байгаа эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан, алба хаагчид та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын дайчин цогтой халуун мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Дотоодын цэрэг үүсэж хөгжсөн түүх, түүний хөгжил, төлөвшил нь өнөөгийн Монгол орны эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой билээ.

Энэхүү бүтээл нь Тулгыг бэлгэдсэн гурван тулгуур, үл тасрахын бэлгэдэл түмэн насан хээ, өнгөрсөн одоо ирээдүйн гурван үе шат, Монгол орны гал голомтыг манаж байгаа гэдэг утгаар мөнхийн галын асааж, улс эх орны аюулгүй байдлыг хангаж, улсын онц чухал объектыг няцашгүй хатан зориг, тэсвэр, тэвчээр гарган найдвартай хамгаалахыг бэлгэдсэн утгыг илэрхийллээ.

Хүндэтгэлийн хөшөө, цогцолборыг бүтээхэд гүн туслалцаа үзүүлсэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид, ахмадууд, хамтран ажилладаг бусад байгууллага, хамт олонд нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж байна” гэдгийг онцоллоо.

Монгол төрийн цэргийн сүр хүч, сүлд хийморь өнөд мандан бадарч, мэлмий тунгалаг, үйлс гэгээн байх болтугай!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638791
4 эможи

keyboard_arrow_up