Барилгын материалын үнэ нэмэгдсэн тул ирэх онд барих барилгын төсөв ₮273 тэрбумаар нэмэгджээ
БХБЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Барилга хот байгуулалтын яамнаас өнөөдөр /2022.07.20/ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилгуудын төсөвт өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор хийж буй магадлалын хугацаа ирэх сарын 1-нээс дуусч байгаатай холбоотой мэдээлэл хийлээ.
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.МАГНАЙСҮРЭН:
-УИХ-аас 2021 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын 2022 оны төсвийг баталсан. Үүнтэй холбоотой Засгийн газарт хоёр чиглэлээр үүрэг өгсөн тогтоол батлагдсан. Нэгдүгээрт, үнийн өсөлттэй холбоотой үнийн индексийг батлах. Хоёрдугаарт, өмнө нь батлагдсан төсөл арга хэмжээний төсвийн өөрчлөлтийг оруулж ирэх үүрэг өгсөн. Чиглэлийн дагуу долдугаар сарын 1-нд тайланг танилцуулах байсан. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн 1122 төсөл жагсаагдаж, 800 гаруй төслийг магадлах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Хоёр ч удаа Засгийн газарт танилцуулж, Сангийн яамтай хамтарч мөн танилцуулсан.
Ингэснээр нийт 533 төсөл магадлагдаж, барилгын материалын үнийн өсөлтийг харгалзаж 2023 оны төсөвт 274.3 тэрбум төгрөг шаардлагатай болохыг мэдэгдсэн байгаа.
Барилгын бүтээн байгуулалт ид өрнөдөг эдгээр саруудад цементийн үнэ өсөж, хомстол үүсээд байгаа нь барилгын салбар төдийгүй ААН, иргэдэд хүндээр тусч буй.
Өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр цементийн нийлүүлэлт, үнэ ханшны талаар тэд нааштай мэдээ өглөө. Тодруулбал, “Цементийн үнийн өсөлтийг хувьд тээвэрлэлтийг онцгой анхаарч, долоодугаар сарын 1-нээс Мак цемент, Мон цемент, Хөтөл гэсэн гурван том үйлдвэрээс төмөр замаар тээвэрлэх асуудал дээр анхаарч ажиллалаа. Өнөөдрийн байдлаар Мак цемент 470, Хөтөл цемент шохой 365, Мон цемент 340 вагоны асуудал шийдвэрлэлээ. Тухайн өдөр өдөртөө үйлдвэрүүдэд шаардлагатай дотоодын төмөр замын тээвэрлэлтийн захилгыг авч, Улаанбаатар төмөр зам ХНН-тэй хамтран зохион байгуулаад явж байна.