Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 54500 тонн сайжруулсан түлш нөөцөлжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга дүүрэг бүрд 10 мянган тонноос багагүй сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн.
Энэ талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Өнгөрсөн жил 60 мянган тонн түлш нөөцөлсөн. Энэ жилийн хувьд 54,500 тонн түлшийг 20 агуулахад нөөцлөөд байна. Түлш нөөцлөхөд агуулах хүндрэлтэй байдаг. Холбогдох цэргийн анги руу хүсэлт явуулж, иргэдээс ирсэн хүсэлтийг судалж, Ажлын хэсэг гаран ажиллаж байна. Одоогийн байдлаар 15 агуулах түрээсэлж байгаа. “Таван толгой түлш” ХХК-ийн хувьд Баруун бүсийн үйлдвэрийн таван шугам ажиллаж, өдөрт 688 тонн түлш үйлдвэрлэж байна. Түүхий эдийн нөөц хангалттай байгааг" гэлээ.
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Манай дүүрэг энэ жилээс сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлнэ. Бэлтгэл ажлыг хангасан. 8000 орчим айлд утаа мэдрэгч тавих ёстой” гэв.