“Монгол Улсын иргэн болон насанд хүрээгүй хүнийг казиногийн байгууламжид нэвтрүүлэхгүй байх зохицуулалтын хуульд тусгана“

2022 оны 7 сарын 18

Хаврын ээлжит чуулган завсарлахын өмнө Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын чуулганд танилцуулсан. 

Энэ үеэр тэрбээр төлбөрт таавар, бооцоот тоглоом, хонжворт сугалаа, бооцоот морин уралдаан, казиногийн үйл ажиллагааг зохицуулах хуулийн төслийг багцаар нь боловсруулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. 

Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт эрх бүхий байгууллагад ирдэг боловч казино, мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зэргийн хоорондын ялгаа, эдгээрт ямар тоглоом хамаарах, үйл ажиллагаандаа ямар дүрэм журмыг мөрдөх, юуг хориглох зэргийг тодорхойлсон хууль байхгүйн улмаас 2006 оноос хойш ийм төрлийн тусгай зөвшөөрлийг олгоогүй байна.

Харин сүүлийн жилүүдэд цахим орчинд казиногийн тоглоом, спортын болон бусад төрлийн бооцоот тоглоом эрхэлдэг гадаадын хуулийн этгээдийн үйл ажиллагаа Монгол Улсын иргэдийн дунд эрчээ авч байгаа нь зайлшгүй шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болсон байна. Тухайлбал, 2021 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд бооцоот тоглоомын вэбсайтад хандаж, бооцоо тавьдаг хэрэглэгчдийн тоо 100 мянга давсан бөгөөд үүнээс идэвхтэй хэрэглэгчдийн тоо 15,000-20,000 байна гэсэн албан бус судалгаа байна. Мөн тус албан бус судалгаагаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй агент буюу зуучлагч байна гэсэн бөгөөд эдгээр агентаар дамжин Монгол Улсаас гарч байгаа мөнгө нь нэг сард 10 тэрбум төгрөгт хүрээд байгаа аж. 

Иймд цахим орчин дахь хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаатай тэмцэх, нэгэнт эрчээ авсан бооцоот тоглоомын бизнесийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах, олсон орлогодоо татвар төлдөг байх зэргийг нэн тэргүүнд зохицуулах шаардлагатай байгааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцолсон.

Мөн тэрбээр "Уралдаанч хүүхдийн эрхийг зөрчихгүйгээр өв соёл, түүхэн уламжлалаа тээж үлдэх, соёл, уламжлалаараа жуулчдыг татах шаардлага байгаа бөгөөд хурдан морь эзэмшигч, уяачдад аль ч улиралд морио уралдуулах, Үндэсний баяр наадамд уралдуулж чаддаггүй морио уралдуулах бололцоог бий болгох, олон улсын жишигт нийцсэн морин тойруулга байгуулж, бооцоот морин уралдаан зохион байгуулах эрх зүйн орчныг бий болгох нь ач холбогдолтой гэж үзэж байгаа тул Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг боловсруулж байна. Казиногийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах бөгөөд казиногийн үйл ажиллагааг Засгийн газраас олгох цөөн тооны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зөвхөн чөлөөт бүсэд эрхлэхийг зөвшөөрөх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мөрдвөл зохих нөхцөлийг тодорхой тусгана.

Түүнчлэн казиногоос болж нийгэмд үүсэж болзошгүй сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэх үүднээс Монгол Улсын иргэн болон насанд хүрээгүй хүнийг казиногийн тоглоом тоглуулахгүй, казиногийн байгууламжид нэвтрүүлэхгүй байхаар, харин аялал жуулчлалыг дэмжих, иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх газрын сонголтыг нэмэхэд эерэг нөлөө үзүүлэх казиногийн цогцолбор дахь (казиногийн байгууламжаас бусад хэcэг) үзвэр, үйлчилгээний газруудаар насанд хүрээгүй хүн, Монгол Улсын иргэн үйлчлүүлэхэд хязгаарлалтгүй байх зохицуулалтыг тусгахаар төлөвлөж байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар казиногийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан цөөн тооны хуулийн этгээдэд олгох эрх зүйн орчин бүрдэх бөгөөд ингэснээр аялал жуулчлалын томоохон цогцолбор бий болж, Монгол Улсын төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгдэн, аялал жуулчлалын салбар болон түүнийг дагасан худалдаа, үйлчилгээ хөгжиж, ажлын байр нэмэгдэн улс орны эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байна" хэмээсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638689
1 эможи

Zochin
2022-07-19 09:34
Yunii chini kazino ve ? Ene durakiig ogtsruulaach.
Зочин
2022-07-18 22:46
Битгий худлаа шаа.Та нар өөрсдөө ороод л тоглоно биз.Хүрэлсүх,Занданшатар гээд казиночин хулгайчууд байгаа байхаа.
keyboard_arrow_up