Ломбард барьцаанд тавьсан хөрөнгийг төлөх ёстой төлбөрөөс илүү үнээр худалдсан бол үлдсэн мөнгийг зээлдэгчид буцааж олгох үүрэгтэй
Иргэн Г.М нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг Ломбардад өөрийн машиныг барьцаалан 1,400,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцжээ.
Г.М нь гэрээний үүргээ зөрчсөн тул ломбардын зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 1,400,000 төгрөг, хүү 494,400 төгрөг, алданги 425,565 төгрөг, нийт 2,320,465 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г.М нь “зээлийг буцаан төлсөн” гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасныг, Дээд шүүхээс дараах дүгнэлтийг хийж, хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Хуулийн тусгайлсан зохицуулалтын дагуу ломбардаас мөнгө зээлсэн хүн зээл төлөх хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд ломбардын зүгээс барьцааны хөрөнгийг худалдах талаар зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх ба үүнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, зээл, зээлийн хүүг төлүүлнэ. Хэрэв ломбард барьцаанд тавьсан хөрөнгийг төлөх ёстой төлбөрөөс илүү үнээр худалдсан бол үлдсэн мөнгийг зээлдэгчид буцааж олгох үүрэгтэй. (Иргэний хуулийн 286.3)
Хэдийгээр, талууд зээлийн гэрээндээ алданги төлөхөөр харилцан тохиролцсон боловч Ломбардын зүгээс дээрх хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу хийх ёстой үйлдлээ хийлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд алданги тооцон шаардаж байгаа нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, Ломбард нь өөрөө хуульд заасан үйлдлийг хэрэгжүүлээгүйгээс хугацаа хэтрүүлсэн тул анз (алданги) авах эрхээ алдсан гэж үзжээ. (Иргэний хуулийн 224.2.3)
Дээрх үндэслэлээр Улсын дээд шүүх иргэн Г.М-ээс үндсэн зээлийн үлдэгдэл болон хүүг гаргуулахаар, харин ломбардаас нэхэмжилж буй алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.
Эх сурвалж: Улсын дээд шүүх
|