БАЯРЛАЛАА | Иргэдийн аюулгүй байдлыг хангахаар цагдаа, дотоодын цэргийн 3500 алба хаагч хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна
Үндэсний их баяр наадам гурав дахь өдрөө өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нийслэл хотын хэмжээнд 3500 гаруй алба хаагч иргэдийн зорчих хөдөлгөөн их газар, голын эрэг, ай сав, амралт зугаалгын бүс нутагт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах зорилгоор хяналт, шалгалтын цэгт ажиллаж байгаа юм.
Мөн цагдаагийн байгууллагаас хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Төв цэнгэлдэх хүрээлэнд хүүхэд хамгааллын Түр байр ажиллуулж эцэг эхээсээ төөрсөн бага насны хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч, Хүй долоон худгийн морь барианы орчимд уралдаанч хүүхдийн хамгаалалт, аюулгүй байдал, даатгалыг шалгаж байна.
Иргэд, олон нийт ихээр цугларсан газарт хүүхдүүдийн гарт эцэг, эх, асран хамгаалагч нартай холбоо барих утасны дугаарыг бичиж тэмдэглэсэн бугуйвч зүүлгэн хүн ихээр цугларсан газарт хүүхдээ гараасаа салгахгүй, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.