Б.Оюутболд: Төв цэнгэлдэх хүрээлэнд бага насны 12 хүүхэд төөрсөн байсныг олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоо худагт "Цагдаагийн түр хүрээ" байгуулагдсан бөгөөд үүнд цагдаа, дотоодын цэргийн 1000 гаруй алба хаагч хэв журмын хамгаалалт, зохицуулалт хийж байна.
Харин Төв цэнгэлдэх хүрээлэнд өндөржүүлсэн бэлэн байдалд 1200 алба хаагч хэв журам сахиулан ажиллаж байна.
Энэ талаар НЦУГ-ын дэд дарга, хурандаа Б.Оюутболд " Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлыг хоёрдугаар зэрэгт шилжэн ажиллаж үүрэг гүйцэтгэж байна. Хүй долоо худагт 1400 орчим, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 1200 алба хаагч хэв журмыг сахиулан ажиллаж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд үндэсний бөх, баяр наадмын нээлт, сурын болон шагайн харваа зэрэг үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага 15 анги байгууллагаас алба хаагч нар үүрэг гүйцэтгэж байна. Хамгаалалт, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар одоогийн байдлаар иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсэх зэрэг зөрчил гарсангүй.
Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагын алба хаагч нараас гадна гадаадын зочид төлөөлөгчид их зочилж байгаа учраас оюутан цагдаа эргүүлүүд ажиллаж байна. Үүнд гадаад хэлний мэдлэгтэй оюутнууд жуулчдад мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Цагдаагийн байгууллагаас явган эргүүл, харуул хамгаалал, морьд эргүүл үүрэг гүйцэтгэж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд 16.00 цагийн байдлаар гэмт хэргийн шинжтэй 2 , зөрчлийн шинжтэй 8, бага насны хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 12 дуудлага мэдээлэл ирснээс 11 хүүхдийн эцэг, эх асран хамгаалагчдад хүлээлгэн өгсөн. Нэг хүүхдийн эцэг эхийн олох чиглэлийн цагдаагийн байгууллага ажиллаж байна." гэв.
Наадамчин олон та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтай сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.