СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 19 настай эрэгтэй тогтоол усанд живжээ
Долоодугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймгийн Хүйсийн найман нууранд 34 настай эрэгтэй Ширээт нуурын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн онцгой байдлын газар хүлээн авч аврах ажиллагааг эхлүүлсэн боловч амь насыг нь аварч чадаагүй харамсалтай хэрэг гарчээ.
Мөн долоодугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах “Мянган машин”-ы захын дагуу Туул голын салаа тогтоол усанд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай дөрвөн хүний нэг нь живсэн харамсалтай явдал гарчээ. Амь насаа алдсан иргэн Э дөнгөж 19 настай байсан байна.
Тус өдрийн 18 цагийн орчимд 35 настай иргэн Э Архангай аймгийн Өгийнуурт хийлдэг завьтай хөвж яваад завь нь хөмөрч живжээ.
Гол усны түвшин өдрөөс өдөрт нэмэгдэж буй цаг агаарын энэ эрсдэлт нөхцөлтэй өдрүүдэд иргэд анхаарал болгоомжтой байж, үүсч болзошгүй эрсдлээс сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.