“Орон нутгийн замд зорчих дундаж хурдыг 5%-аар бууруулахад зам тээврийн осол гарах эрсдэлийг 30% багасгана“
Зам тээврийн ослын улмаас нэг жилийн хугацаанд 400-600 хүн нас барж, 2500-3000 хүн гэмтэж бэртэж байна. Ихэнх осол нь орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүдэж байгаа учир улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг зургадугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-н хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж, иргэдийн амар тайван ая тухтай зорчих нөхцөлийг ханган ажиллаж байгаа юм.
Тус хяналт шалгалтын хүрээнд ХУРД ХЭТРҮҮЛСЭН жолоочийн эрхийг газар дээр нь шууд хасах хүртэл арга хэмжээг авч ажиллаж байна.
Болзошгүй осол гэмтлээс сэргийлэх талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ажилтан Г.Сэлэнгэ зөвлөгөө өглөө.
Тэрбээр “Амралт зугаалга, баяр наадмын улирал эхэлсэнтэй холбоотойгоор 6, 7, 8 дугаар саруудад осол гэмтлийн тоо эрс нэмэгддэг. 2021 онд улсын хэмжээнд осол гэмтлийн шалтгаант өвчлөл 142,442 шинээр бүртгэгдэж, 3,026 хүн нас барсан. Осол гэмтлээс шалтгаалсан нас баралтын 80 гаруй хувь нь санамсаргүй осол гэмтлээс шалтгаалсан байна. Мөн үүний 10 хүн тутмын зургаа нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй байгаа юм.
Насны хувьд авч үзвэл 25-29 насны залуус болон тав хүртэлх насныхан осол гэмтэлд илүү өртөж байгааг анхаарах ёстой.
Мөн дээрх саруудад зам тээврийн осол ихээр нэмэгддэг. Иргэд орон нутгийн замд удаан хугацаагаар автомашин жолоодохоо замаа сайн мэдэж байх ёстойгоос гадна аюулгүй байдлаа бүрэн хангаж, аль болох сайн унтаж амарсан тохиолдолд жолооны ард суух ёстойг сануулж байна.
Уг нь орон нутгийн замд зорчих хөдөлгөөний дээд хурд 80 км/ц байх ёстой байдаг. Бид дундаж хурдны таван хувиар бууруулахад л зам тээврийн осол гарах эрсдэлийг 30 гаруй хувиар багасгадаг." гэлээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хурдаа тохируулан, хамгаалах бүс, хамгаалах малгайг хэрэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихаас татгалзаж, анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцоохыг ТЦА-аас анхаарууллаа.