С.Эрдэнэбаатар: Цахимаар худалдан авах нь цаг хугацаа хэмнэх хэдий ч гүйлгээ хийхдээ давхар баталгаажуулж, хариуцлагатай хандах нь чухал
Баяр наадам, амралт, аялал зугаалгын цаг эхэлж байгаа энэ үед иргэд, жуулчид хулгайд эд зүйлсээ алдах, амралт зугаалгаар явахдаа орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос эд хөрөнгөө хулгайд алдаж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 3531 бүртгэгдсэн. Нийслэлийн хэмжээнд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг энэ оны эхний 6 сарын байдлаар 2760 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 55.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь нэг талаас өнгөрсөн 2020, 2021 онуудад Ковид-19 цар тахлын нөлөөллөөс гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурсан зэргээс шалтгаалж байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Буянзаяа:
2022 оны эхний хагас жилийн байдлаар нийслэл хотод 2760 хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс гудамж, талбайд 785, гэр, орон сууцанд 965, олон нийтийн газарт 492, аж ахуй нэгж, үзвэр үйлчилгээний газарт 26 болон бусад газруудад хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Хулгайлах гэмт хэргийн гаралтыг дүүргүүдээр ангилж үзвэл Нийслэл хотод Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд ихээр үйлдэгдэж байна. Иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй байдал нь энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлийг дагуулдаг.
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Амартүвшин:
Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн алслагдмал дүүрэг бөгөөд 330000 гаруй оршин суугчтай. Тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст харьяалагдах нутаг дэвсгэрийн 18 хороонд 125000 гаруй иргэд, оршин суугчид ажиллаж амьдарч байна. Хүн амын нягтаршил ихтэй учраас гэмт хэрэг, зөрчил цөөнгүй бүртгэгддэг. Энэ оны эхний 6 дугаар сарын байдлаар тус дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст хулгайлах гэмт хэрэг 402 бүртгэгдсэн бөгөөд үүнээс 209 орон байрны хулгайн гэмт хэрэг бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас орон байрны хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нөлөөллийн аян арга хэмжээг зохион байгуулж, эргүүл хяналт шалгалтыг тогтмол хийж байна.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
17.1 дүгээр зүйл.Хулгайлах
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;
2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;
2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;
2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Өнөболд:
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст 2021 оны эхний хагас жилийн байдлаар 94 бүртгэгдсэн бол энэ оны хагас жилийн байдлаар 144 болж бүртгэгдсэн. 2022 оны баяр наадмын өдөр олон хоног үргэлжлэх тул иргэд та бүхэн өөрсдийн эд хөрөнгө болох унадаг дугуй, тээврийн хэрэгсэл гэх зүйлсээ өөрсдийн оршин сууж буй газрынхаа зориулалтын зогсоол, хяналтын камертай газар байршуулах, орон сууцныхаа тагт хаалгыг баталгаатай цоожоор цоожлох, битүүмжлэх нь хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм.
Иргэд та бүхэн орон байрныхаа хаалга, цонхыг хааж бүрэн түгжигдсэн эсэхийг шалгах, их хэмжээний бэлэн мөнгийг гэртээ хадгалахгүй байхыг зөвлөж байна. Мөн иргэд өөрсдийн орон байраа эзэнгүй удаан хугацаагаар орхиж явахдаа хамаатан садан, найз нөхөд, хөрш айлдаа захих, хөршийн холбоогоо сайжруулах шаардлагатай байна. Хуучин айл өрхүүд бие биетэйгээ сайн харилцаатай байсан ч одоо үед хөршүүд нэгнийгээ танихаа больсон нь их байгаа талаар иргэд ярьж байна.
Иргэн:
Хөршийн холбоо бол ерөөсөө тасарчихсан. Хажуу айл руугаа орохоо байсан, бүр танихаа ч больчихсон. Ер нь иргэд өөрсдөө л сонор сэрэмжтэй байхгүй бол аюултай. Хөршдөө хэлж захиад байнгын хөршийн холбоогоо сайн байлгах нь чухал.
Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, орон байр, тээврийн хэрэгсэл, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж авто болон явган эргүүл, олон нийтийн байцаагч, нийтийн эргүүл, оюутан цагдаа нарыг ажиллуулж байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Буянзаяа:
Урин дулааны улирал ирж, амралт зугаалгын үе тохиож байгаа энэ үед иргэд та бүхэн орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж олон хоногоор амралт, аялал зугаалгаар явах тохиолдолд найдвартай хаалганы цоож, цонхны хаалт хийх, боломжтой бол дохиолол, камер байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мөн байр, орон сууц, Сууц өмчлөгчдийн холбоо, аж ахуйн нэгж байгууллагуудын теле хяналтын камерт үзлэг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, баяр, амралтын өдрүүдэд сонор сэрэмж, хараа хяналтыг сайжруулж ажиллах талаар мэдэгдэл, айл өрх бүрт зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар залилах гэмт хэрэг 5523 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3140 буюу 2.3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Эрдэнэбаатар:
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гадаад улсаас гар утас, тээврийн хэрэгсэл хямд үнээр оруулж ирэх, байр, орон сууц хямд үнээр авч өгнө гэж залилуулсан хэрэгт гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл эрэгтэй 27 настай “З”-нь бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Төлбөр тооцоог цахимаар гүйцэтгэх, бараа материалаа цахимаар худалдан авах нь цаг хугацаа хэмнэх давуу талтай хэдий ч нөгөө талаас иргэд хувийн мэдээллээ хамгаалах, гүйлгээ хийхдээ давхар баталгаажуулж, хянуур, хариуцлагатай хандах нь чухал юм.
Иргэд та бүхэн аливаа нийгмийн харилцааны талаарх болон хууль эрх зүйн мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх, өөрт зайлшгүй хэрэгтэй асуудлаар холбогдох байгууллагын найдвартай, эх сурвалжтай мэдээллийг үндэслэн бусдад мөнгө болон эд хөрөнгөө шилжүүлэх, бараа материал худалдах, худалдан авах, тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай заавал холбогдох, хаяг, байршил болон үйл ажиллагаа явуулдаг эсэхийг шалгаснаар залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх юм.
Залилагч таныг өөрт нь боломж олгох хэдхэн минутыг хүлээсээр байдаг учраас ятгах тусам нь нягталж байгаарай.