ШШГЕГ-ын дарга Д.Загджав 2 ТЭРБУМ төгрөгөөр нэмэж “цахим гав” худалдан авах шийдвэрээ нууцалж байна уу
ШШГЕГ-ын удирдлагуудтай холбоотой гомдол санал алба хаагчдаас нь тасрахгүй ирж байгаа билээ.
Монгол Улсын Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өнгөрөгч 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ хөнгөн ял шийтгүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн ялтнуудад цахим гав зүүлгэж, тэднийг хянаж байгаа гэж албаныхан мэдээлсэн байдаг.
Тэгвэл уг шийдвэрийг далимдуулан ШШГЕГ-ын дарга Д.Загджав "ЦАХИМ ГАВ"-аар 1,7 тэрбум завшаад зогсохгүй төсвийн мөнгөнөөс дахин 2 тэрбум төгрөгийг нэмэж “цахим гав”-д зарцуулахаар болоод байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
Тодруулбал, хөнгөн ялтай нэг хоригдолд цахим гав зүүлгэж буй өртөг нь 1 сая төгрөг гэх мэдээллийг Шүүхийн шийдвэрээс өгч байв. Харин манай улсад хэрэглэж буй энэ цахим гавыг оруулж ирдэг БНХАУ-ын цахим дэлгүүрийн үнийг харвал, нэг үнэ нь 250 мянган төгрөг байгаа юм.
Ингээд бодохоор нэг цахим гавнаас 750 мянган төгрөгийн зөрүү үүсэж байгаа юм.
ШШГЕГ-аас 2021 онд 2500 орчим гав худалдаж авсан гэж үзвэл 1,7 тэрбум орчим төгрөг завшсан байж болзошгүй байна. Түүнчлэн ШШГЕГ энэ онд дахин 2000 орчим цахим гав оруулж ирэх захиалга өгөөд байгаа аж. Энэ нь дахин 2 тэрбум төгрөг завших боломж юм. Тухайн цахим гавыг худалдан авсан гэрээ болон тус газрын шилэн дансанд ямар ч мэдээлэл байхгүй байгаа бөгөөд энэ талаарх мэдээлэл нь хаалттай байгаа нь анхаарал татаж байна.
Мөн улсаас гарч буй энэ их мөнгөн дүнгээр хэрэгжиж буй цахим гав нь чанарын шаардлага хангадаггүй гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа. Учир нь яг хязгаарласан бүсээс гарах дохиололд алдаатай заадаг аж.
Монгол Улсын Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжих үүрэг өгсөн. Гэтэл харьяа агентлагууд нь уг шийдвэрийг үл тоон, хаалттай, ашиг сонирхолын зөрчилтэй байгаа нь харамсалтай.
Иймд ШШГЕГ-ын дарга Д.Загджав та, "цахим гав"-тай холбоотой худалдан авах гэрээ, үнийн дүн, түүний үр дүнгийн талаар шилэн дансандаа болон олон нийтэд нээлттэй мэдээллэхийг шаардаж байна.