“Хайртай“ машиндаа харамлаагүй мөнгөө ХҮҮХДИЙН СУУДАЛ авахдаа харамласан юм биш биз
Сүүлийн 10 жилд зам тээврийн ослын улмаас 4,593 хүн амь насаа алдаж, 42,489 хүн гэмтсэн харамсалтай тоо мэдээлэл бий.
2022 оны эхний таван сард хүүхэд өртсөн 123 зам тээврийн осол бүртгэгдэн, 23 хүүхэд амь хохирч, 127 хүүхэд хүнд, хөнгөн гэмтэл авчээ.
Хүүхдийг автомашинаар аюулгүй тээвэрлэнэ гэдэг дан ганц эрүүл үедээ, аажим хурдтай явахыг хэлэхгүй. Харин автомашины арын суудалд нас, биеийн онцлогт нь тохирсон суудалд суулган, хамгаалалтын бүс зүүлгэж тээвэрлэхийг хэлдэг юм.
Жишээ нь: Машины урд талын суудал дээр аав, ээж хоёул бүсээ зүүчихсэн. Харин хүүхэд нь ээжийнхээ өвөр дээр ямар ч хамгаалалтгүй, сул дэрвэлзэнэ. Энэ бол Монголд л харж болох зураг. Замд гэнэт саад тулгарч огцом тоормос гишгэхэд аав, ээж аюулгүйн бүснийхээ тусламжтайгаар суудалдаа үлдэнэ.
Харин хүүхэд хамгийн түрүүнд цонхоор шидэгдэнэ, үгүй дээ л юм мөргөж, хүчтэй доргилт авч, гэмтэнэ. Үр хүүхдэдээ хайргүй эцэг, эх гэж үгүй. Гэтэл тэднийгээ автомашинд авч явахдаа "Би үхэхээс, чи үх" гэж байгаа мэт буруу тээвэрлэдэг нь харамсалтай.
Бас бага насны хүүхдийнхээ хөлийг нь, толгойг нь цонхоор гаргачихсан давхиж явдаг. Арай том болсон өсвөр насныхан гараа гаргаж, алгаа дэлгэнэ. Ямар ч тохиолдолд зам тээврийн хөдөлгөөнд оролцож яваа тээврийн хэрэгслийн цонхоор гар хөл, толгой, хүзүүгээ гаргаж явах хориотой байдаг. Учир нь эсрэг урсгалын автомашин маш хурдтай зөрж өнгөрч байгаа.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд "10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана" гэж заасан байгаа.
Харин Их Британи улсад насны 12 хүртэлх бүх насны хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ заавал зориулалтын суудалд суулгана,
Герман улсад метр 50 см-ээс доош өндөртэй болон 12 хүртэлх насны хүүхэд бүр зориулалтын суудалд сууна. Мөн таксигаар зорчиход хүртэл суух хэрэгтэй байдаг.
Та хүүхдэдээ хайртай л бол зориулалтын суудалд тээвэрлээрэй, аюулгүйн бүсийг байнга зүүлгээрэй гэж ТЦА-аас анхааруулж байна.
Ташрамд дурдахад, Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг зургадугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-н хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж, иргэдийн амар тайван ая тухтай зорчих нөхцөлийг ханган ажиллаж байгаа юм.
Тус хяналт шалгалтын хүрээнд ХУРД ХЭТРҮҮЛСЭН жолоочийн эрхийг газар дээр нь шууд хасах хүртэл арга хэмжээг авч ажиллаж байгаа билээ.