СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ослын улмаас өчигдөр орон нутгийн замд хоёр хүний амь эрсдэв
Энэ сарын 28-ны шөнө 05:30 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт 2-р багийн нутагт Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан Toyota Land 200 маркийн М жолоочтой автомашин Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд явсан А жолоочтой Toyota Prius маркийн автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарав.
Ослын улмаас Toyota Prius маркийн автомашинд зорчиж явсан зорчигч Х /32 настай эмэгтэй/, И/3 настай эрэгтэй/ нар нь ГССҮТ-д хүргэгдэх үед нас барж, 2 зорчигч /12 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй/ гэмтсэн харамсалтай зам тээврийн осол бүртгэгдэж шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хурдаа тохируулан, хамгаалах бүс, хамгаалах малгайг хэрэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихаас татгалзаж, анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Ташрамд дурдахад, Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг зургадугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-н хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж, иргэдийн амар тайван ая тухтай зорчих нөхцөлийг ханган ажиллаж байгаа юм.
Тус хяналт шалгалтын хүрээнд ХУРД ХЭТРҮҮЛСЭН жолоочийн эрхийг газар дээр нь шууд хасах хүртэл арга хэмжээг авч ажиллаж байгаа билээ.