1950, 1960 онд баригдсан орон сууцны барилгуудад шалгалт хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн А/632 дугаар захирамжаар 1950, 1960 онд барьсан орон сууцны барилга байгууламжийн чанар аюулгүй байдлыг шалгах, эрсдлийг тооцох үзлэг шалгалтыг 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар боллоо. Шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын холбогдох албан тушаалтан нар тус тусын үүрэг чиглэлийн хүрээнд хамтран явуулах юм байна.
Тухайлбал, нийслэлийн Онцгой байдлын газар орон сууцны барилга байгууламжийн 1 дүгээр давхар болон барилгын зоорийн давхарт өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилгын ажлын зургийг мэргэжлийн байгууллагуудаар хянуулж, зөвшилцсөн байдал, объектын цахилгаан шугам сүлжээний монтаж, цахилгаан тоног төхөөрөмжийн төлөвлөлт нь стандартын шаардлагын дагуу хийсэн байдал, орон сууцны барилгын гал тэсвэршилтийн зэрэглэл норм дүрмийн шаардлагад нийцэж байгаа эсэх зэргийг шалгах бол нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь орон сууцны барилга байгууламжийг паспортжуулах, тэдгээрийн чанар, насжилтыг тодорхойлох, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийх, эрсдэлтэй объектуудын зориулалтыг өөрчлөх, хүчитгэх эсхүл буулгах дүгнэлт гаргах зэрэг ажлыг зохион байгуулах юм байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь олон жилийн өмнө баригдаж, ашиглагдаж байгаа барилга байгууламж, тэдгээрийн хийц бүтээц, инженерийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн байдлыг шалгаж дүгнэлт гаргах юм байна. Шалгалтын эцсийн дүнг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн цаашид авах арга хэмжээний санал боловсруулах юм байна.