ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ: Хурд хэтрүүлсэн жолооч нарын эрхийг хасаж эхэллээ
Зам тээврийн ослын улмаас нэг жилийн хугацаанд 400-600 хүн нас барж, 2500-3000 хүн гэмтэж бэртэж байна. Ихэнх осол нь орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүдэж байгаа учир улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг зургадугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-н хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж, иргэдийн амар тайван ая тухтай зорчих нөхцөлийг ханган ажиллаж байгаа юм.
Тус хяналт шалгалтын хүрээнд ХУРД ХЭТРҮҮЛСЭН жолоочийн эрхийг газар дээр нь шууд хасах хүртэл арга хэмжээг авч ажиллаж байна.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Урин дулааны цаг ирж, иргэд амарч зугаалахаар орон нутгийг ихээр зорьж байна. Харин энэ үедээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар нягталж, замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдаар зорчиж болзошгүй эрсдлээс өөрийгөө болоод хайртай дотны хүмүүсээ хамгаалах хэрэгтэй байна. Жолоочдын хайхрамж болгоомжгүй байдлаас болж техник хэрэгслийн эвдрэлээс эхлээд хүний эрдэнэт амь нас яригддаг учраас жолоо барьж яваа хүн бүр ямагт хариуцлагатай байх хэрэгтэй байна. Ихэнх жолоочид хэдэн километрийн хурдтай явснаа ч сайн мэддэггүй, суудлын бүсээ зүүдэггүй. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хурдаа тохируулан, хамгаалах бүс, хамгаалах малгайг хэрэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихаас татгалзаж, анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцоорой" хэмээн анхаарууллаа.