Барилгын ажил хийж байсан хоёр иргэн нурангид даруулж, нас барлаа
Барилга дээр ажиллаж байсан гурван хүн нас барсан хэрэг гараад дөрөв ч хоноогүй байхад өчигдөр дахин хоёр хүн барилгын материалд даруулж нас барав.
Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Хувьсгалчид”-ын 2 дугаар гудамжинд байшин барихаар суурийн нүх ухаж байсан 2 хүн барилгын материалд даруулж нас барсан дуудлага онцгой байдлын албанд өчигдөр иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай гарч 6 км зам туулан очиход иргэн Ө-ийн 2 давхар байшингийн суурийг цутгаж байсан 24 настай Д, 18 настай Э нар барилгын суурийн 1 метрийн гүнтэй нүхний ирмэг дээрх суурийн блокод даруулж нас барсан байсан аж.
Тэдний цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.