СХД-ийн Цагдаагийн хэлтэст насанд хүрээгүй гэрч, хохирогч, эмэгтэйчүүдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх өрөөг тохижууллаа
Цагдаагийн байгууллагаас Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, тэдний зөрчигдсөн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай тогтмол хамтран ажилладаг билээ.
Энэ хүрээнд Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс гаргасан саналыг тус дүүргийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлөөс дэмжиж, “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагын санхүүжүүлэлтээр тус цагдаагийн хэлтсийн байранд насанд хүрээгүй гэрч, хохирогч, хүүхэд эмэгтэйчүүдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, ар гэр асран хамгаалах хүнд хүлээлгэн өгөх, хамгаалах байранд хүргэх хүртэлх аюулгүй байдлыг нь хангах зориулалт бүхий тав тух, аюулгүй байдал хангасан нэг өрөөг иж бүрэн тохижуулан өглөө.
Ингэснээр цагдаагийн хоёрдугаар хэлтэс зориулалтын өрөөтэй болж байгаа юм. Насанд хүрээгүй гэрч, хохирогчийн нөхцөл байдлыг ойлгож хамтран ажиллаж буй байгууллага, хамт олонд цагдаагийн байгууллагаас талархаснаа илэрхийлжээ.