Б.БАТЦООЖ: Хагас жилд эцэг, эхийн хараа хяналтгүйгээс болж бага насны 7 хүүхэд голын усанд осолдсон харамсалтай тоо бий
Сурагчдын амралт, аялал жуучлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх асран хамгаалагчийн хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэж бага насны хүүхэд зам тээвэр болон ахуйн ослын улмаас амь насаа алдах тохиолдол гарсаар байна. ЦЕГ-аас өгсөн мэдээллээр сүүлийн нэг сарын хугацаанд 7 хүүхэд усанд эндэж, амь насаа алджээ. Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Б.БАТЦООЖ-оос тодрууллаа.
Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн үед усны осол нэмэгдэж байгаа. Ялангуяа хүүхэд багачууд усанд осолдох явдал байна. Хариуцлага алдсан хэдхэн хормоос усны осол бий болдог. Хагас жилд эцэг, эхийн хараа хяналтгүйгээс болж бага насны 7 хүүхэд голын усанд осолдсон харамсалтай тоо бий.
Эцэг эхчүүд ерөнхий боловсролын сургуулийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулаад хөдөө орон нутаг руу хүүхдүүдээ аав, ээж, ах дүү, хамаатан садан руугаа их явуулж байна. Үүнээс үүдэн хүүхдийн хараа хяналт суларсантай холбоотойгоор хүүхдүүд усны осолд их өртөж байгаа. Үүнтэй холбогдуулан Шадар сайдын баталсан “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Аяны хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Өдөрлөгөөр эцэг, эхчүүд хүүхдээ тавих хараа хяналтаа хэрхэн сайжруулах, хэрэв осол гарсан тохиолдолд ямар тусламж үйлчилгээ үзүүлэх, хаана яаж хандах талаар мэдээллүүдийг иргэдэд өгөх юм.
Сүүлийн таван жилийн тоон мэдээгээр усны ослоор 570 орчим хүн амь насаа алдсаны 470 гаруй буюу 79 хувь нь том хүн, 124 буюу 22,4 хувь нь хүүхэд байна.
Иймд эцэг эх асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байж, гэр бүлийн хүрээнд амарч зугаалахдаа голын эрэг орчмоос зайдуу байрлах, амралтын газруудад гол, нуурын эргээрээ хамгаалалтын зурвас татаж, аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна." гэв.