МХЕГ: Зам, талбайгаа дүрмийн дагуу бэлдээгүй, хазгай гадаргуу дээр кран байрлуулсны улмаас осол гарсан
Барилгын кран унаж, хоёр хүн нас барсан осол гарсан. Энэ асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүү “Хан-уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Номин реалтор" компанийн захиалгатай барилгын талбай дээр гурван өргөх төхөөрөмж байрлан ажиллаж байсан. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хоёр авто кран, нэг цамхагт кран байснаас тухайн үед цамхагт кран ажил гүйцэтгээгүй байсан. Харин осол гаргасан авто кран нь 50 тоннын даацтай байсан. Ослын үед хоёр хүний амь нас хохирч, нэг хүн өндрөөс унаж гэмтсэн. Авто краныг ашиглахдаа зориулалтын зам талбайг засаж ашиглах ёстой. Зам, талбайгаа дүрмийн дагуу бэлдээгүй, хазгай тэгш бус гадаргуу дээр краныг байрлуулж ажиллаж байх явцад тухайн осол болжээ. Осол гарсан кран хувь хүний эзэмшлийнх. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна” гэлээ.
МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал “Цар тахал гарсантай холбоотойгоор төлөвлөгөөт хяналт, шалгалт хоёр жил зогссон. Энэ жил өвчлөл намдаж, нөхцөл байдал сайжирч байгаатай холбоотойгоор хоёр сард барилгын ажил эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Дөрөвдүгээр сарын 10-аас зургаадугаар сарын 10-ны хооронд баригдаж эхэлж байгаа барилгуудад, мөн ашиглагдаж байгаа эрсдэлтэй барилгуудад улсын ерөнхий байцаагчийн удирдамжийг хүрээнд шалтгалт хийж, дүнгээ нэгтгэлээ. Эрсдэл өндөртэй объектуудыг түүвэрлэх байдлаар шалгалт хийсэн. 2100 гаруй барилгад шалгалт хийхэд 10 гаруй хувь нь зөвшөөрөлгүйгээр барилга эхэлж байна. Улаанбаатар хотод 54 барилга ийм асуудалтай байна. Тухайн барилгуудтай холбоотойгоор эрх бүхий албан тушаалтны тогтоол шийдвэр гаргуулах, зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээ авсан”.
МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Б.Батзориг “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын зүгээс барилгын салбарынханд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллуулах талаар тодорхой ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Барилгын салбарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх гэсэн удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж буй. Осол болсон барилгад Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч зургаадугаар сарын 7-нд урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн. Уг барилга дээр 18 зүйл, заалт бүхий мэдэгдэх хуудсыг хүргүүлж байсан. Тус мэдэгдэл хуудаст “...Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны тушаалаар батлагдсан ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм, мөн барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу өргөх, зөөх механизмд техникийн магадлагаа хийлгэж, краны бүрэн бүтэн байдал, хариуцлагч, оосорлогч, кранист, аюулгүй ажиллагаа хариуцагчаар мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааг ханган ажиллахыг” дурдаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахыг сануулсан байна” гэв.