ХХАА-н салбарын бичил биетний тэсвэржилтийн тандалтын өнөөгийн байдал, тандалтын лабораторийн үнэлгээний тоймыг ТАНИЛЦУУЛЛАА
Бактер, мөөгөнцөр, вирус, шимэгч зэрэг нь бичил биетний эсрэг эм, бодисд тэсвэртэй болохыг "бичил биетний тэсвэржилт" гэнэ. Хүн, амьтан, ургамалд бичил биетний эсрэг эм бэлдмэлийг зохисгүй хэрэглэснээр үүсдэг байгалийн үзэгдэл ч гэж ойлгож болно. Бичил биетний тэсвэржилтийн эсрэг яаралтай арга хэмжээ авч өсөлт, тархалтыг бууруулахгүй бол 2050 он гэхэд дэлхий дахинд жил бүр 10 сая хүний амь нас эрсдэлд ороод зогсохгүй эдийн засгийн ихээхэн хямрал болох аюул нүүрлээд байгааг ДЭМБ-аас мэдээлсэн.
Зарим улс орнуудад хүн эмнэлгийн салбарт бичил биетний тэсвэржилтийн тандалтын систем хэрэгжиж байгаа хэдий ч хүнс, хөдөө аж ахуйн салбарт энэхүү тандалтын систем хөгжөөгүй байна.
Тиймээс НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллага нь 2015 онд улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бичил биетний тэсвэржилтийн тандалтын үндэсний системийг үнэлэх, сайжруулах зорилгоор “Бичил биетний тэсвэржилтийн тандалтын систем болон лабораторийн үнэлгээний аргачлалыг”-ыг боловсруулсан юм. Энэхүү аргачлалыг үнэлгээ, хяналтын стандарт болгон өргөнөөр ашиглаж байгаа нь бүс нутгийн болон дэлхийн түвшинд тандалтын системүүдийг уялдуулах, зохицуулалт хийх, хамтран ажиллахад хувь нэмрээ оруулж байна.
Тус үнэлгээний зорилго нь:
I.Хүнс, хөдөө аж ахуйн салбарын лабораторийн үндэсний сүлжээ зураглал гаргах, бичил биетний тэсвэржилтийг илрүүлэх шинжилгээний чадавхийг үнэлэх,
II. Бичил биетний тэсвэржилтийн тандалтын мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, засаглал, харилцаа холбоо, тогтвортой байдал зэрэг үндэсний хэмжээний бичил биетний тэсвэржилтийн эсрэг үйл ажиллагааг зураглах, үнэлэх
III. Лабораториудыг сайжруулах шаталсан арга замыг ашиглан ирээдүйн хөгжил рүү хөтлөх алхмуудыг тодорхойлох суурь мэдээллээр хангахад оршино.
Үнэлгээ хийгдэх лабораториуд
Манай улсад дараах лабораториудад үнэлгээг хийнэ:
- Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)
- Мал эмнэлгийн хүрээлэн (МЭХ)
- МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори (ХАБҮЛЛ)