О.Балжинням, Д.Сумъяабазар нарт даян аварга цол өгөхөөр ЯРИГДСАН УУ
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Монголын ард түмэн үзүүрлэсэн бөхөд цол өгдөггүй. Түрүүлсэн бөх нь манлайлж явдаг. Гэтэл үзүүрлэчихээд бүгд цол авах нь. Ийм юм хэзээ ч байж болохгүй. Энэ хуулийн төсөл дэмжигдээд батлагдлаа гэхэд ард түмэн асар их шүүмжилнэ. Хүнд зориулсан ийм хууль баталж болохгүй. Жишээ нь, О.Балжинням аварга нэг түрүүлж, нэг үзүүрлэж байсан болохоор даян аварга бол өгөх гэж байна. Гэтэл хоёр түрүүлсэн П.Бүрэнтөгс аварга цолтой л байгаа. Нэг түрүүлж, 3-4 үзүүрлэсэн Д.Сумъяабазарт даян аварга цол өгөх гэж байна. Ард түмэн барьж иднэ дээ. Хамгийн гол нь энэ хуулийг эргэж үйлчилнэ гэж байна. Хуулийг эргэж үйлчлүүлж төрийн нэр хүндийг унагааж болохгүй" гэлээ.
Жил болгон 512 бөх барилддаг байсан бол Д.Тогтохсүрэн гишүүний хэлдэг зөв. Гэтэл 1,024 бөх барилдахаар есийн даваа нь цолны даваа болж байгаа юм хэмээн Монголын Бөхийн холбооны тэргүүн хуралдаанаар хэллээ.









