Б.Ариунболд: Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргаж өгдөггүй гэдгийг иргэд мэдэх шаардлагатай
- Залилах гэмт хэргийн гаралт сүүлийн үед эрс нэмэгджээ. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар цагдаагийн байгууллага ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас 2020, 2021 онуудад “Ятгах тусам нягтал” арга хэмжээг үе шаттай зохион байшуулсан бол энэ оны хувьд 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай иргэдэд залилах гэмт хэргийн хор уршгийг таниулах, гэмт хэргийн хохирогч болоод байгааг ойлгуулах, хэрхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
Сүүлийн 10 жилийн дунджаар залилах гэмт хэргийн үйлдлийг төрлөөр нь авч үзвэл: 60.6 хувь буюу 19558 хуурч мэхлэх, 23.8 хувь буюу 7704 итгэл эвдэх, 4.4 хувь нь 1434 гэрээ, хэлцэл байгуулах, 1.7 хувь нь 547 мөнгө зээлэх үйлдлийг хамгийн их ашигласан байна.
Сүүлийн 2 жилд үйлдлийн арга, хэлбэр өөрчлөгдөж цахим орчинд уг гэмт хэргийг үйлдэх явдал ихээр гарах болсон.
Цахим орчинд 2021 онд үйлдэгдсэн хэргийн 1307 буюу 37.7 хувь нь фейсбүүкээр мөнгө зээлэх, бараа худалдан авалт хийх, цахим орчинд харилцаа тогтоон тухайн хүнийхээ илтгэлийг олж мөнгө шилжүүлэх хүсэлт илгээх, бага хүүтэй зээл санал болгож урьдчилгаа шимтгэл авах, олны танил хүмүүс болон байгууллагын нэрийг барьж азтан тодруулах зэргээр залилсан бол 196 буюу 5.6 хувийг иргэдийн эмчилгээний зардал хүссэн хандивыг ашиглаж, 318 буюу 9.1 хувийг байр түрээслүүлэх зэрэг арга, хэлбэрээр залилсан байна.
Энэ оны эхний 5 сарын байдлаар залилах гэмт хэргийн 3618 буюу 65.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэний 1233 буюу 34.1 хувь фейсбүүкээр мөнгө зээлэх, бараа худалдан авалт хийх, цахим орчинд харилцаа тогтоон тухайн хүнийхээ илтгэлийг олж мөнгө шилжүүлэх хүсэлт илгээх, бага хүүтэй зээл санал болгож урьдчилгаа шимтгэл авах, олны танил хүмүүс болон байгууллагын нэрийг барьж азтан тодруулах зэргээр, 754 буюу 20.8 хувь нь хандив тусламж авахаар цахим орчинд хандсан иргэдийн фейсбүүк хаягийг ашиглан хуурамч данс нээж залилсан, 110 буюу 3.0 хувь нь байр түрээслэх, 1476 буюу 40.1 хувь нь бараа худалдан авалт, зээл авахаас өмнө шимтгэл төлөх, найз нөхдийн нэртэй хуурамч хаягаас яаралтай мөнгө зээлэх хүсэлтийг явуулж урьдчилан бэлтгэсэн дансанд мөнгийг шилжүүлж авах зэрэг арга хэлбэрээр үйлдэгджээ.
-Сонгинохайрхан дүүргийн тухайд, залилах гэмт хэрэг ихэвчлэн ямар хэлбэрээр үйлдэгдэж байна вэ?
-Манай дүүрэг, тэр дундаа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хамаарах нутаг дэвсгэрийн дийлэнх хувь нь гэр хороолол байдаг.
Энэ онцлогоосоо хамаараад их хэмжээний мөнгөн дүн гэхээсээ илүүтэй жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал дарна, визэнд оруулна, орон сууц түрээслэнэ, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэх мэт төрлийн залилан зонхилж байна. Түүнчлэн иргэдийн фэйсбүүкрүү хууль бусаар нэвтэрч, найз нөхөд, танилуудаас нь мөнгө авсан хэргүүд бүртгэгдэж байна.
Оны хагас жилийн байдлаар залилах төрлийн 129 хэрэг бүртгэгдэхэд эдгээрийн 35 нь жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал дарна гэсэн хэрэг байгаа юм.
-Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 14 хоногийн хугацаатай аян явуулж байгаа гэсэн. Энэ аяны хүрээнд ямар ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?
-Мөрдөн байцаах алба, Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс нь иргэдэд энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг ойлгуулах, дахин энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохгүй байхад анхаарч цахим хэлбэрээр мэдээ, мэдээллийг түгээн ажиллаж байна харин Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хувьд “Өрх бүрт зөвлөе” гэсэн уриатай арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. Энэ ямар учиртай арга хэмжээ вэ гэхээр бүх айл өрхүүд цахим орчин, фэйсбүүкээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг авч чадахгүй байна аа тиймээс биечилсэн байдлаар хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжэээнд байгаа бүх айл өрхөөр орж энэ төрлийн болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа зөвлөгөө өгье гэсэн утгатай арга хэмжээ байгаа юм энэ арга хэмжээний хүрээнд нийт орох ёстой айл өрхийнхөө тал хувиар нь ороод байна
Энэ нь иргэд зүгээр нэг уншаад өнгөрөх биш харилцан ярилцаж, мэдэхгүй хууль эрхзүйн зөвлөгөөгөө алба хаагчаас авах гээд давуу талуудтай учир үр дүнтэй гэж үзээд, энэ арга хэмжээг зохион байгуулж байна.
-Залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэд хохирлоо бүрэн төлүүлж, хохиролгүй болж чаддаг уу?
Залилах гэмт хэргийн улмаас 2021 онд 143.9 тэрбум төгрөгийн хохирол учирсны 5.6 тэрбум буюу 3.8 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан.
Залилах гэмт хэргээс учирсан хохирол 2012 онд 12.1 тэрбум төгрөг байсан бол 2021 онд 143.9 тэрбум болж өссөн.
Мөн 2021 онд хохирол нөхөн төлүүлэлт 57.3 хувьтай байснаас цахим орчинд үйлдэгдсэн хэргийн хохирол болох 5.6 тэрбум төгрөгөөс 1.2 тэрбум төгрөг буюу 22.9 хувийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн иргэд ихэнх энэ залилж авсан мөнгөө цааш нь зарцуулсан байдаг тул иргэд хаашаа хэнлүү ямар мөнгө шилжүүлж байгаагаа сайтар нягталж шилжүүлж байхыг анхааруулж байна
Хэдийгээр хуульд ял шийтгэл өгөөд цаашид хохирлыг барагдуулах эрхзүйн зохицуулалт байдаг хэдий ч төдийлэн үр дүнд хүрдэггүй.
-Залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар ял шийтгэл оноодог вэ?
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр зүйлд зааснаар 450 нэгжээс дээд тал нь арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа
Эцэст нь хэлэхэд ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргаж өгдөггүй, үүнийг зөвхөн зохих хуулийн этгээд байгууллагууд гаргаж өгдөг гэдгийг иргэд мэдэх шаардлагатай байгаа юм.
Түүнчлэн фэйсбүк болон цахим хэлбэрээр бусдад мөнгө шилжүүлэх гэж байгаа бол цаана ямар үр дүн байгааг сайтар судалж дээр дурдсан аливаа төрлийн залилан мэхлэх аргуудад автахгүй өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалж анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.