Тээвэрчдийн төлөөлөл Авто тээврийн үндэсний төв бидэнд хүндрэл, дарамт учруулж байна гэв
Авто тээврийн үндэсний төвийн хууль бус үйл ажиллагааны талаар “Газрын-Од” ХХК болон “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо”-ноос хэвлэлийн хурал хийв.
"Газрын Од" компанийн захирал Н.Энхбат" Манай компани 18 дахь жилдээ дүрэм журам стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд хууль зөрчиж байгаагүй. Цар тахлын улмаас жолооч нар хоёр жил их хүнд байдалд байсан. Одоо бидэнд төрийн байгууллагууд дахин хүндрэл, дарамт учруулж эхэллээ. Тухайлбал, манай чиглэлд хууль бусаар хоёр компани нэмж орж ирсэн. Иймд бид иргэний шүүхэд гомдол гаргасан. Үүний дараагаар манай компанид дарамт шахалтууд орж ирсэн. Авто тээврийн үндэсний төвөөс бидэнд шалгалт хийж манай үйл ажиллагааг зогсоох мэдэгдлийг хүргүүлсэн. Бид энэ мэдэгдлийг хүлээж авахгүй. Учир нь тус мэдэгдлийг бид ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байгаа.
Авто тээврийн үндэсний төвтэй гэрээтэй 60 гаруй аж ахуйн нэгж стандарт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2021 оны 10 сараас эхлэн бүх компаниудын хуучин гэрээг хүчингүй болгож шинэчилсэн гэрээ байгуулж эхэлсэн. Манай компани 10 сарын 8-нд шинэчилсэн гэрээ байгуулахаар гарын үсэг зурсан ч одоо хүртэл энэ гэрээ баталгаажаагүй байгаа. Бид энэ асуудлыг тайлбарлахыг шаардаж байна. Мөн сар гаруйн хугацаанд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ гэрээгүй явагдсан. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ гэх асуултыг мөн Авто тээврийн үндэсний төвд тавьж байгаа. Төрөөс ААН-үүдээ дэмжинэ, хяналт шалгалтаа бууруулна гэсэн. Гэтэл Авто тээврийн үндэсний төв үүнийг дагахгүй байна "гэлээ.