САЙН МЭДЭЭ: Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгэлээ
Парис хотод зохион байгуулагдаж буй ЮНЕСКО Хүн ба шим мандалын хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34-р хурлаар Хөвсгөл нуурыг дэлхийн сүлжээнд бүртгэн авчээ.
Ийнхүү Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт 1,7 сая га газар олон улсад данстай болж байна.
Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрт бүртгүүлэх санаачилгыг өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан билээ. Хүн ба шим мандал хөтөлбөр нь 1971 онд үндэс сууриа тавьсан бөгөөд хүн ба хүрээлэн буй орчны хоорондын харилцааг сайжруулахад шинжлэх ухааны үндэслэлийг бий болгох зорилготой олон улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр юм. Хөтөлбөрт багтсан газар нутгийг хамгаалахдаа түүний ойр орчимд амьдарч байгаа нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, нийгэм эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлага, онцлогийг нь харгалзан асуудлыг хамтатган шийдвэрлэх зорилготой аж.
Хөвсгөл нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Нийт усны эзлэхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.
Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнтэй нийлсээр нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг байна. Харин Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаардаг аж.