ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Др Такеши Касай ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцан санал солилцлоо
Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Энхболдын урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касай манай улсад энэ сарын 12-18-ны өдрүүдэд айлчилж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд Номхон далайн баруун бүсийн Өвчний хяналтын газрын захирал Др.Хуонг Тран болон Хэвлэл мэдээллийн ажилтан Анна Ватхвани нар багтжээ. ДЭМБ-ийн айлчлалын баг 2022 оны 6-р сарын 13-ны өдөр ХӨСҮТ-д ажиллаа.
Уулзалтад ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Др Такеши Касай Өвчний хяналтын газрын дарга Др Хуонг Тран, ДЭМБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгч Др Сергей Диордица, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлагууд оролцлоо.
Уулзалтын эхэнд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан КОВИД-19 халдварын Тандалт хариу арга хэмжээ, бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар илтгэл танилцууллаа. Тэрээр “ХӨСҮТ нь ДЭМБ-ын гишүүн орны хувьд бүс нутагтаа Шуурхай Удирдлагын Нэгжээрээ дамжуулан цаг алдалгүй мэдээллээ солилцдог бөгөөд ДЭМБ-аас гаргаж буй зөвлөмж, зааварчилгааг цаг алдалгүй авч хэрэгжүүлдэг.
ХӨСҮТ нь Халдварт өвчний тандалт судалгаа хийдгээс гадна 550 орон дээр халдварт өвчний эмнэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлдэгээрээ бусад бүс нутгийн орнуудаас ялгардаг. Мөн Монгол улс ковид цар тархлын үеийн нас баралтаараа бусад улс орноос харьцангуй бага буюу 3-5 дахин бага байгаа гэдгийг онцоллоо. Мөн вакцинжуулалтын бүрэн тунгийн хамралтаараа бүс нутагтаа тэргүүлж, делтагийн давалгаанаас өмнө дархлаажуулалтын бүрэн тунд иргэдээ өндөр хувьтай хамруулж чадсанаар нас баралт, хүндрэл багатайгаар даван туулж байна” гэдгийг онцоллоо.
ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Др Такеши Касай “Монгол улс БНХАУ-тай хамгийн урт хилээр хиллэдэг хэдий ч цар тахлыг 10 сарын турш дотооддоо алдалгүй тогтоож чадсан нь гайхалтай үр дүн байсан. Мөн дипломат харилцаанд уран чадвар гарган КОВАКС хөтөлбөрт хамгийн түрүүнд хамрагдаж бүс нутагтаа хамгийн түрүүнд вакцинжуулалтыг эхлүүлсэн хоёр орны нэг болж вакцины хамралтаараа бүс нутгаа тэргүүлж, эрүүл мэндийн салбарынхан тасралтгүй суралцаж, Засгийн газартайгаа шуурхай уян хатан ажиллаж чадсанд баяр хүргэе. Мөн цар тахлын үед өвчтөнийг эрэмблэн ангилан шаардлагтай тохиолдлуудаа хэвтүүлэн эмчилж байсан нь Олон улсад сайн туршлага загварыг бий болгосон нь танай улсад төдийгүй бүс нутгийн олон улсад тус болсон сайн ажил болсон. Монгол улс нь бүсийн хэмжээнд шинэ сэргэж буй халдварын үеийн ДЭМБ-ийн бодлого, шийдвэрийг маш сайн даган биелүүлж, өөрийн оронд халдварт өвчны эсрэг системийг бэхжүүлжсэнээр дахин сэргэж буй халдварыг барьж чадах сайн суурийг бий болгожээ. Цар тахлын үед хамгийн хүнд ачааг үүрсэн ХӨСҮТ-ийн хамт олон, тэдний гэр бүлд талархаж байгааг минь хүлээн авна уу” хэмээлээ.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “ХӨСҮТ-ийн бүхий л тасаг нэгжийн удирдлагууд энд ирсэн байгааг харахад таатай байна. ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Др Такеши Касай Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр Ковид19 халдварын үеийн тандалт, хариу арга хэмжээнүүдийн үр дүнд гаргасан амжилтууд зөвхөн монгол хүний эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй бусад бүсийн орнууд болон Лаос, Камбож зэрэг улс орнууд манай системийг хуулбарлан нэвтрүүлсэн. Ингэсэнээрээ та бүхэн зөвхөн монгол төдийгүй бусад орны иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн шүү гэдгийг онцолж салбарын хамт олныг маань бүс нутгийн хэмжээнд үнэлэж магтаалыг харамгүй хэлж байгаа талархаж байна. Мөн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын зүгээс болон хувийн зүгээсээ та бүхэндээ талархалаа илэрхийлж байгааг маань хүлээн авна уу. Цар тархлыг хохирол багатай даван туулахад бид бүгдэд дэмжлэг туслалцааг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэж, дамжуулж байсан ДЭМБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгч Др Сергей Диордицад талархал илэрхийлэх нь зүйтэй. ДЭМБ өнгөрсөн бүх хугацаанд бидэнд хөрөнгө оруулалтын дэмжлэг, хүний нөөцийн сургалтын дэмжлэг, NGS лабораторын тоног төхөөрөмж, Вакцины төв агуулах, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, вакцин, оношлуур зэрэг маш олон тооны тусламжийг үзүүлж байсан нь өнөөдрийн бидний амжилтын дэмжлэг болсон гэдгийг цохон хэлмээр байна. Манай улсын боловсон хүчнүүд маань чадварлаг, шуурхай зохион байгуулалтад орж чаддаг, дасан зохицох чадвар сайтай, хурдтай ажиллаж чаддаг энэ чадварууд маань бүсийн хэмжээнд тодорхой амжилт гаргахад нөлөөлсөн байж магадгүй. Бид бүхэн нэг зүйлийг амлаж чадна. Дараа дараагийн сорилтууд тулгарахад бидэнд бэлэн болсон систем, хүний нөөц, туршлага байгаа тул бэлэн байдлаа тогмолжуулж улам чадвхжуулахын төлөө ажиллаж сорилтуудыг хамтдаа даван туулахын төлөө хичээн ажиллана гэдгээ ДЭМБ-ийн удирдлагууддаа амлаж байна” гэв.
Уулзалт танилцуулгын дараагаар ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторын тасагт суурилуулагдсан бүрэн генийн дараалал тодорхойлох вируслогийн лаборатори (NGS)-тэй танилцаж эмч мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцлаа. Мөн ДЭМБ-ын санхүүжилтээр гурван сарын дотор өндөр гүйцэтгэлтэй баригдаж ашиглалтад орсон Вакцин биобэлдмэлийн Үндэсний төв агуулахын үйл ажиллагаатай танилцан санал солилцлоо.