Т.Ганзориг: Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар 10129 зам тээврийн ОСОЛ БҮРТГЭГДСЭН
2022 оны эхний 5 сарын байдлаар орон нутагт үйлдэгдсэн зам тээврийн гэмт хэрэг, ослын нөхцөл байдлын талаар ТЦА-ны Орон нутгийн замын хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Т.Ганзоригтой ярилцлаа.
Урин дулааны цаг эхэлж иргэд хөдөө орон нутаг руу ихээр зорчиж байна. Орон нутгийн замд гарч буй гэмт хэрэг, ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү?
Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар 10129 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1382 нэгжээр буюу 15.8 хувиар өсөж, нийт ослын 8796 буюу 86.8 хувь нийслэлд, 1333 буюу 13.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 195 хүн амь насаа алдаж, 1087 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэнээс орон нутагт 157 хүн амь насаа алдаж, 416 хүн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь насаа алдсан хүний тоо 69 нэгжээр буюу 78.4 хувиар, гэмтсэн хүний тоо 125 нэгжээр буюу 43.0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Үүнээс орон нутагт мотоциклтой холбоотой 105 зам тээврийн ослын улмаас 40 хүн амь насаа алдаж, 63 хүн хүн хөнгөн хэлбэрээр гэмтсэн, хүүхэд өртсөн 123 зам тээврийн ослын улмаас 23 хүүхэд амь насаа алдаж, 127 хүүхэд хүн хөнгөн хэлбэрээр гэмтсэн харамсалтай тоон үзүүлэлттэй байна.
Орон нутгийн замд гарч буй гэмт хэрэг, ослын гаралт буурахгүй байгаа шалтгаан нөхцөл нь юу байна вэ?
Орон нутагт бүртгэгдсэн нийт 1333 зам тээврийн ослын 1306 буюу 98.0 хувийг жолоочийн буруутай үйлдлээс, 6 буюу 0.5 хувийг замын нөхцөлөөс, 21 буюу 1,5 хувийг явган болон унадаг дугуйтай хүний буруутай үйлдлээс шалтгаалсан осол эзэлж байгаа бөгөөд жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн ослын дийлэнх хувийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон /239/, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох /237/, зөвшөөрөгдөх дээд хурд хэтрүүлэх /94/, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийх /42/, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, 10 хүртэлх насны хүүхдийг буруу тээвэрлэх, харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулах, хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлаа биеэр шалгадаггүй зэргээс шалтгаалсан ослууд дийлэнх хувийг эзэлж байна. Тухайлбал: Энэ он гарсаар ахуйн нөхцөл, хашаа хороондоо хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлаа биеэр шалгаагүйн улмаас бага насны 3 хүүхэд, хүүхдийг буруу тээвэрлэсний улмаас /зорчигч хэлбэрээр/ 17 хүүхэд, харгалзах хүнтэй явган зорчигч хэлбэрээр 2 хүүхэд, мотоцикл жолоодож яваад 1 хүүхэд тус тус амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Мөн орон нутаг руу зорчиж байгаа иргэд маань тухайн зорчиж байгаа замаар байнга явдаггүй учраас автозамын эвдрэл гэмтэл, эргэлт тойруу, даваа гүвээ зэргийг мэдэхгүй, тооцоолохгүйгээр хурд хэтрүүлэх, олон цагаар тасралтгүй жолоо барьснаас шалтгаалан ядарч, зүүрмэглэх, мөн батлагдсан зам маршрутаас гарч үер усны аюулд өртөх, төөрөх зэрэг шалтгаануудаас болж гэр бүл, хайртай хүмүүсээ эрсдэлд оруулж байна.
Малчин иргэд мотоциклоор малдаа явахдаа, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, хүүхдэд жолоо шилжүүлэх зэрэг зөрчил ихээр гаргадаг. Энэ талаар иргэдэд сэрэмжлүүлэг өгнө үү?
Орон нутгийн иргэд нас харгалзахгүй дөрөөнд хүрсэн хүүхэд, эрэгтэй, эмэгтэй хүн бүр стандарт, дүрэм журам баримтлахгүйгээр өдөр тутмын үйл ажиллагаа, мал маллах, ахуйн хэрэглээндээ мотоциклыг өргөн хүрээтэй ашиглаж байгаа нь осолд холбогдож амь нас, эрүүл мэндээрээ хохирох нөхцөлийг бүрдүүлж байна.
Манай Улсад мотоциклын худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжийн 97.8 хувь нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикл худалдан борлуулж байгаа нь өртгийн хувьд үнэ нь хямд байдаг тул малчин иргэд худалдан авах бүрэн боломжтой байдаг нь мотоциклын хэрэглээг хурдацтай нэмэгдүүлэхэд нөлөөлж байна.
БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикл нь хатуу хучилттай автозамд зориулагдсан байдаг бөгөөд шороон болон хөдөө хээрийн замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодох, хатуу биет мөргөх, бүрэн бус, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хангалтгүй хөдөлгөөнд оролцож онхолдох, цаг агаарын тохиромжгүй нөхцөлд жолоодсоны улмаас хөлдөх, механикжсан тээврийн хэрэгсэл, техник гэдэг утгаар ойлгохгүй эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох зэрэг шалтгаануудын улмаас энэ төрлийн осол, зөрчлийн тоо буурахгүй байна.
Цагдаагийн байгууллагаас мотоциклтой холбоотой осол, зөрчлийг бууруулах, замын хөдөлгөөнд оролцох зөв дадал хэвшлийг суулгах, хамгаалах малгайн хэрэглээг нэмэгдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр үе шаттайгаар ажил, арга хэмжээ зохион байгуулан ажилласаар байгаа бөгөөд малчин иргэдэд мал аж ахуйгаа хариулах, маллахдаа аль болох мотоцикл ашиглахгүй, уламжлалт адуу малаа унаж, хэрэглэх уриалга гарган, түгээх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд гарч буй гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна вэ?
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онуудад “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 06 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд олон улсын болон улсын чанартай авто замын хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлж “Яараад яахав дээ”, “Дураараа бишээ-Дүрмээрээ” зэрэг нөлөөллийн аяныг зохион байгуулж ажилласнаар 2019 оны эхний 9 сард зам тээврийн осол, хэрэг 16.9, хүний амь нас хохирсон тохиолдол 7.2, гэмтсэн хүн 21.5 хувиар, 2020 оны эхний 9 сард осол, хэрэг 12.7, хүний амь нас хохирсон тохиолдол 15.2, гэмтсэн хүн 30.1 хувиар, 2021 оны эхний 9 сард осол, хэрэг 13.2, хүний амь нас хохирсон тохиолдол 11.9, гэмтсэн хүн 21.5 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарсан.
Мөн орон нутагт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг дан ганц орон нутаг дахь Замын цагдаагийн нэгжүүдийн хүн хүч, техник хэрэгслээр хариуцан хэрэгжүүлэхэд хангалтгүй байгаа тул гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн бусад нэгжийн алба хаагчид /Сумын хэсгийн төлөөлөгч, сумын цагдаа, экологийн асуудал хариуцсан байцаагч/-ыг “Цагийн менежмент”-ээр өртөөчлөн хяналт шалгалтыг зохион байгуулснаар тодорхой үр дүнтэй ажил болсон.
Цаашид дэвшилтэт техник технологийг ашиглаж Монгол Улсын хэмжээнд нэвтэрснээр албаны үйл ажиллагаа цахим хяналтын нэгдсэн системд холбогдож гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд томоохон дэвшил гарч, цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах нийтлэг үүрэг хэрэгжих бололцоо хангагдана.
Иргэд орон нутгийн замд аюулгүй байдлаа хэрхэн хангаж зорчих талаар зөвлөгөө өгнө үү?
Урин дулааны цаг эхэлж хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэд жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, гүйцэж түрүүлэх үйлдэл хийдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, үзэгдэх орчин хангалтгүй үед гэрлээ шилжүүлэх, батлагдсан гүүрэн байгууламж, зам, маршрутаас гарахгүй аялж зугаалах шаардлагатай байна.
Мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах, жолооч зорчигч нар хамгаалах малгай, бүсийг тогтмол хэрэглэх, зайлшгүй зогсолт хийсэн жолооч зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авах болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, журам, стандартыг мөрдөж, хөдөлгөөндөө дэг журамтай, соёлтой оролцохыг нийт иргэд, жолооч нартаа УРИАЛЖ, АНХААРУУЛЖ байна.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ, АМЬДРАЛЫН ДҮРЭМ
Ярилцсанд баярлалаа.